Р.Батцэцэг: Хөдөлгөөн хийж чадаж байгаа хүн бүр бүжиглэж чадна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнбулган, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нийгмийн эрүүл мэндийг дэмжиж, Архангай аймагт нийтийн цэнгээнт бүжгийн холбоог байгуулан, хөгжүүлж яваа Р.Батцэцэгтэй ярилцлаа.
-Эрдэнэбулган сумын нийтийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнийг саяхан зохион байгууллаа. Энэ тухай яриагаар ярилцлагаа эхлүүлье?
-Монголын нийтийн бүжгийн спортын холбоо байгуулагдаад 17 жил болсон байна. Манайх энэ холбооны Архангай дахь салбар нь юм. Энэ холбооны ерөнхийлөгч нь Б.Жияндорж гээд нийтийн биеийн тамирын гавьяат дасгалжуулагч хүн байдаг. Энэ хүн л нийтийн бүжгийг спорт болтол хөгжүүлж, спортын төрөлд оруулсан. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, үйл ажиллагаануудыг дэмжиж, хамтарч ажилладаг. Мөн улсын Биеийн тамирын хороо, Олимпын хороотой хамтарч ажилладаг, улсын аварга шалгаруулах бүх тэмцээнийг явуулах эрхтэй цорын ганц холбоо юм.
Манай салбар холбоо төв холбооныхоо дүрэм журмын дагуу ажилладаг. Саяхан анхныхаа сумын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг зохион байгуулахдаа бид нар аймаг, сумынхаа удирдлагууд, Эрүүл мэндийн газартай хамтарсан. Энэ удаагийн тэмцээнд 14 хос бүжигчин орсон ч сумын аваргын хувьд бол хангалттай, чанартай гэж үзэж байгаа. Дээрээс нь биднийг үргэлж дэмждэг Өвөрхангай аймаг болон Хархорин сумын “Зөв цаг” бүжгийн клубийнхэн, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн дасгалжуулагч багш Р.Амаржаргал нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
Бүсийн хөгжлийн хүрээнд Баянхонгор, Архангай,
Өвөрхангай аймгийн бүжгийн холбоод хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд анхныхаа бүсийн аваргын тэмцээнийг өнгөрсөн жил
Баянхонгор аймагт зохион
байгуулахад бид нар дөрвөн
хос медальтай ирсэн. Одоо энэ оны
нийтийн цэнгээнт бүжгийн бүсийн аваргын тэмцээнийг 5 дугаар сард Өвөрхангай аймагт зохион байгуулна.
-Нийтийн цэнгээнт бүжиг нь хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх спортын нэг болжээ. Хүн амын ихэнх нь л хөдөлгөөний дутагдалд орчихсон байна. Энэ цаг үед эрчимтэйгээр хөгжлийнхөө суурийг тавьж байгаа бүжгийн спортын хөгжил өнөөдрийн байдлаар ямар түвшинд байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн" хөтөлбөр хэрэгжиж байгаа. Манай холбоо хөтөлбөрийн дагуу иргэдийг хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг явуулж байна.
Бүжиг ганцхан хөдөлгөөн биш. Хүнийг гоо зүйн мэдрэмжтэй, соёлтой болгодог. Бүжиг ямар дүрэм журамтай, ямар хөдөлгөөн хийдэг, дээрээс нь ямар насны хүмүүс аль бүжгийг бүжиглэдэг гээд бүх насныханд зориулсан нээлттэй спорт.
Волейбол, сагсан бөмбөгийг хүн болгон тоглож чадахгүй шүү
дээ. Тэгэхэд хөдөлгөөн хийж
байгаа хүн бүр бүжгийг хийж
чадна. Энэ утгаараа олон хүнийг хамарсан спорт болж байгаа юм.
Бүжгийн
спорт Архангайгаас бусад аймагт маш сайн хөгжсөн байдаг. Сайн байгааг би юугаар харж
байна гэхээр бүх аймаг бүжгийн
ордонтой болсон байна. Дээрээс
нь улсын тэмцээн уралдаануудыг ээлжилж орон нутагтаа зохион байгуулж байна. Манай аймгийн салбар холбоо отгон
нь шүү дээ. Салбар холбоогүй
үед нийтийн бүжгийг зүгээр бүжиг гэдэг утгаар нь харж байсан болохоос
спорт гэж хүмүүс харж байгаагүй. Бусад
аймгуудын хувьд Засаг дарга, ЗДТГ, Эрүүл мэндийн газар болон Биеийн тамир, спортын газар нь манай нэг салбар холбоо гэж харж ойлгодог, дэмждэг, ээлжит тэмцээнүүдээ зохион байгуулдаг болчихсон юм билээ. Сургууль, цэцэрлэгүүд нь хүртэл бүжгийн хамтлагтай
болчихсон уралдаан тэмцээндээ
оролцож байна. Бид нар сүүлийн нэг жилийн хугацаанд холбооныхоо үйл ажиллагаанд
оролцоод, бүжгийн тэмцээндээ яваад байгаа учраас одоогийнхоос илүү сайхан хөгжлийг
ирээдүйд харж байгаа.
Бидэнд гарсан
ахицтай, баярлууштай үйл явдал бол аймгийн Биеийн тамир, спортын газрын
дарга Р.Батболд спортын холбоодуудаа орох газартай болгоё гээд манай бүжгийн спортын холбоонд 140 м.кв талбайтай заал гаргаж
өгсөн. Энэ заалаа тохижуулах ажилтай байгаа.
-Та оёдолчин
хүн. Нийтийн бүжгийн салбар луу яаж яваад орчихов оо?
-Хувь
тавилан юм байлгүй дээ. Би 15
жил оёдлын үйлчилгээ явуулж байна. Манай Архангайнхан намайг
оёдолчин гэдгээр нь сайн мэддэг. Оёдлоо ч сайн хийдэг. Оёдлоо хийнээ гээд хүлээлгэчихсэн хүмүүс бий. Бүжиг гэдэг бол хүнд хэрэгтэй спорт. Би бүжиглэх дуртай. Миний хобби дасгал хөдөлгөөн байж гэдгийг одоо л ойлгож байна.
-Таны
эрүүл мэнд болоод биед
гарсан эерэг өөрчлөлтүүдийг дурдахгүй юу?
-Бүжиг ямар
гоё гоо зүйн мэдрэмж, ёс суртахуун өгдөг гээч. Жишээ нь би
оёдол хийдэг байхдаа эмэгтэйлэг хувцас өмсдөггүй. Нөгөө л нэг өмд, цамцаа өмсдөг байсан. Бүжиг
рүү орж ирээд л даашинз, гоё
туфли гутлууд авч эхлээд овоо эмэгтэйлэг
хувцаслаад эхэлсэн. Мөн 84 кг-тай, жингийн илүүдэлтэй болсон байсан. Бүжиглээд 12 кг-ийг хассан байна. Жингээ хасаад, хөнгөн болоод сайхан байгаа. Хүмүүс ч “бүжигт явсан чинь
гоё болчихсон байна, жингээ
хаяад аятайхан болсон байна,
бас гоё бүжиглэдэг болсон байна”
гээд л. Бүжгийн спортыг хүмүүст өөрийнхөө биеэр харуулж
байгаадаа маш их баяртай
байгаа.
Оёдол хийж байнга
суудаг байлаа. Нэг мэдэхэд л хөдөлгөөний дутагдалд орчихсон, нуруу, бөөр өвддөг болсон байсан. Бүжгийн спортод ороод долоо
хоногт 2-3 удаа бүжиглээд, тэмцээн уралдаанаа зохион байгуулаад, өөрөө
дотор нь бүжиглээд, хамт
олонтой болоод ирэхээр өвдөж,
хавддаг асуудал нь байхгүй болсон. Энэ л хамгийн чухал нь. Олон хүнийг энэ
спортоор хичээллээсэй гэж хүсдэг дээ.
Өнөөдрийн байдлаар бид нар зургаан удаагийн сургалт явуулж, давхардсан тоогоор 500-гаад хүнд бүжиг заасан байна.
Бүжгийн сургалтуудаас шилэгдэж, шигшигдээд хамтлаг болно. Энэ бүхэнд л миний хөдөлмөр яваад л байгаа юм. Оёдлоо орхиогүй ч нэлээд цалгардуулж, санхүүгийн хувьд шууд уналтад орсон. Тэгсэн хэрнээ л нөгөө бүжгээ эргүүлж, заал сав тойрч гүйгээд л бүжгийн төлөө явсан байх юм. Ямар сайндаа хүмүүс намайг “үгүй ээ чи дээл оёхоосоо илүү бүжгээс мөнгө олоод байгаа юм уу” гэж хүртэл гайхаж, асуусан.
Миний нэг зорилго бол нэгэнтээ л энэ ажлыг эхлүүлчихсэн юм чинь хаяж болохгүй, хөгжилд хөтөлнө гэж бодож байгаа.
-Таны
хажууд байгаа хүмүүсийн эрүүл мэндэд гарсан өөрчлөлтүүд юу байна?
-Манай клубийн
бүжигчин нэг ах маань чихрийн шижин өвчтэй, хөдөлгөөний дутагдал дээд
цэгтээ хүрчихсэн, жингийн асар их илүүдэлтэй хүн. Бүжиглээд чихрийн шижин өвчнөө мартсан. Жин хасаж, хөдөлгөөний дутагдлаас өөрийгөө
аварч чадаж байгаа хүний төлөөлөл бий. Бүр гэр бүлээрээ бүжиглэж байгаа. Дээрээс
нь одоо оёдол хийдэг манай хамт олноос орж ирж байна. Бас л хөдөлгөөний дутагдалтай, жингийн илүүдэлтэй, нурууны
суулттай хүмүүс шүү дээ. Энэ мэтчилэн хүмүүс жингээ хасаад, гоо зүйн мэдлэгтэй болоод, соёлтой болж байна. Бүжгийн сургалтад суух хүсэлтэй олон хүн
сурж, холбогдож байгаа.
- Нэг
жигдрүүлээд авчихвал ч сайхан
байна байх аа?
-Тийм ээ. Одоо холбооны үйл ажиллагаа маань сайхан жигдэрчихсэн. Заалтай болчихно гэдэг чинь том амжилт.
Нийтийн бүжгийн спорт ерөөсөө л нийтийн биеийн тамир юм шүү дээ.
Одоо боломжууд их нээгдэж байна гэж харж байгаа. Спортын салбар маань бид нарыг ойлгоод
“за бүжгийн спорт гэдэг чинь
Архангайд үнэхээр хоцрогдчихсон байсан шүү. Хамгийн сүүлд байгуулагдаж байгаа
энэ салбар холбоо бүжгийн спортын холбоо шүү” гэдгийг Р.Батболд
дарга сайн ойлгосон. Биднийг бүхий л талаар нь дэмждэг аймаг,
сумын удирдлагууд, сургууль, цэцэрлэгүүд бий. Өмнө нь бид заал түрээслээд явдаг
байсан бол одоо сайхан бүжгийн том заалтай болсон. Бүжгийн клуб ямар байх ёстой байдаг яг л тиймээр тохижуулж, ямар
соёлтой болохыг харуулах ёстой. Хүмүүс
ямар хувцастай ирдэг, архи, тамхийг бүжиг дээр яагаад хэрэглэж
болохгүй байдаг, бүжиглэхээр ямар гоё байдгийг хүмүүст ойлгуулах нь чухал. Эхнээсээ ч ойлгож, мэдэрч эхэлж байгаа. Тэр л
хамгийн том ололт амжилтын эхлэл. Тэгээд энэ боломжийг алдахгүй, зөв
ашиглаад бүх гэр бүл, залуучуудаа, иргэдээ ЭМГ, БТСГ гээд байгууллагуудтай бүгдтэй нь хамтран ажиллаж байж бүжгийн спорт хөгжинө гэж бодож байна.
-Бүжгийн
спортыг өдий хүртэл авч явахад ямар бэрхшээлүүд тулгарч байв?
-Том бизнес хийдэг хүн энэ салбарыг авсан бол над шиг их бэрхшээлийг туулахгүй байсан байж магадгүй. Юугаа ч мэдэхгүй энэ салбарыг хөгжүүлнэ гээд л эхлүүлчихсэн. Ганцхан бүжиг явуулдаг биш байгаа юм.
Бүжгийн спортыг хүмүүст зөв чиг хандлагаар эхнээс нь зөв ойлгуулж, сургах, соёлд суралцуулах, залуучуудыг уриалах, бүх насныхан бүжгийн спортод орж болдог гэдгийг ойлгуулах гээд олон бэрхшээл байсан.
Хүмүүс маш олон өнцгөөр харна. Залуучууд
нь ахмадууд л бүжиглэдэг, энэ гоё хувцастайг нь би хийж чадахгүй, зүгээр л
бүжиглэе гээд л. Миний хувьд энэ том спортын холбоо руу нэгэнтээ л
орчихсон юм чинь бүх юмыг нь
ойлгоод, бүх хүнтэй ойлголцоод, цааш нь Архангай аймагт бүжгийн спортыг богино
хугацаанд яаж хурдан хөгжүүлэх вэ л гэж бодож байна. Өмнөговь аймагт салбар холбоо байгуулагдаад 15 жил
болчихсон. Дэргэдээ олон
хамтлаг, клубүүдтэй. Олуулаа хэрнээ нэгдэж чаддаг. Улсын
тэмцээн уралдаан боллоо гэхэд бүх салбар клубүүд нь нэгдээд тэмцээндээ аймгаасаа ордог. Мөн аймаг дотроо тус тусдаа бүжгээ явуулдаг, хамтраад нийлээд явуулдаг нь ч байдаг юм билээ. Тэгээд холбооныхоо
сургалт, үйл ажиллагаа, бүжгийн тэмцээн уралдааны үед бүгд нэгдчихдэг. Манай аймагт энэ нэгдмэл байдал л
дутуу байна.
Архангайн бүжгийн спорт зөв голдирлоороо нэгдмэл, хүчтэй, хурдан хугацаанд хөгжөөсэй гэж боддог. Удаашраад байгаа саад бэрхшээл нь нэгдэж чадахгүйд л байгаад байна. Нэгдмэл байсан бол одоо арай өөр түвшинд байх байсан болов уу гэх бодол төрдөг.
-Манай аймагт
холбооноос гадна хэчнээн бүжгийн клуб байдаг вэ?
-Анх намайг
салбар холбоо оруулж ирэхэд клуб байгаагүй. Ахмадын хорооны дэргэд Рояал гэж есөн жилийн өмнө байгуулагдаж байсан, үйл ажиллагаа явуулж байгаагүй холбоо гарч ирснийг хүлээн
зөвшөөрсөн. Харамсалтай нь тэр клуб, холбоо аймгийн
хэмжээний нийтийг хамарсан үйл
ажиллагаанд оролцоогүй.
Гэхдээ дараа дараагийнхаа үйл
ажиллагаанд сайн оролцох
байх. Манай салбар холбооны дэргэд бидний санаачилж гаргасан “Гурван тамир” бүжгийн клуб бий. Клуб маань зургаан
хос, 12 бүжигчинтэй. Цэнхэр даашинзтай энэ клубээрээ
бид нар Архангайд танигдсан. “Гурван тамир” бүжгийн хамтлаг цэнхэр даашинзтай гарч ирээд л бүжиглэдэг. Ямар гоё юм, арай өөр юм байна, эд нар дээр ирж бүжиглэхэд шал өөр байна гээд л хүмүүс ялгаж ойлгож
эхэлсэн. Холбооны дэргэд ахиад “Хангайн уянга” клуб байгуулсан.
Энэ бол амжилт, бүжгийн
хөгжил гэж харж байгаа. Тусдаа
бүжиглэдэг хүмүүс байгаа. Тэр
хүмүүсийг залуучууд дээрээ ирээд нэгдээд, хамтраад, хөгжөөд, илүү гоё болоосой
л гэж бодож байна.
-Ямар
насны хүмүүс энэ бүжгийн спортыг түлхүү сонирхоод бүжиглээд байна вэ?
-Анх
ахмадууд голдуу байсан шүү. 40, 50
насныхан бараг байхгүй. Салбар холбоо, клуб байгуулагдсанаас хойш хүмүүс ойлгоод, сургалт явуулахад залуучууд ирдэг
болж байна. Сүүлийн сургалтад
төрийн албаны залуус гэр бүлээрээ хамрагдсан. Тэгэхээр бүжиг бол спорт. Зөвхөн ахмадуудынх биш бүх
насныханд нээлттэй цоглог спорт юм байна аа гэдгийг залуус ойлгосон байна. Сүүлийн үед залуучууд гэр бүлээрээ орж ирж байгаад л их баяртай байгаа даа.
-Нийтийн
цэнгээнт бүжгийн холбооны алсыг харсан том зорилго?
-Албан ёсны салбар холбоо учраас орон нутгийн удирдлагууд дэмжин ажиллаж байгаа. Бүтэн жилийн хугацаанд манай салбар холбоо иргэд рүү чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаа юу хийсэн бэ, ямар ямар үйл ажиллагаа явуулсан бэ, ямар сургалтууд явуулсан, хэдэн хүнийг хамруулсан гээд тайлан мэдээгээ удирдлагууддаа хүргүүлсэн.
2025 оны төлөвлөгөө гарчихсан. Төлөвлөгөөний дагуу сая Эрдэнэбулган сумын бүжгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Сар болгон явуулах сургалтууд ч бий. Дээрээс нь аймгийн аваргын тэмцээн болон улсын аваргад баг тамирчдаа оролцуулах талаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу аймгийн аваргын тэмцээнд тамирчдаа бэлдэнэ. Засаг дарга, ЗДТГ хамтарч, ивээн тэтгэж ажиллана гэсэн.
Мөн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс гээд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудтай хамтран ажиллана.
Бас аймгийн аваргын тэмцээний урьтал болгож, аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газартай хамтран 19
сумын Соёлын төвийн бүжгийн
багш нарыг төв холбооны мэргэжлийн дасгалжуулагч
багшийн удирдлага дор нийтийн
бүжгийн сургагч багш бэлтгэх
сургалтыг албан ёсоор эхлүүлэхээр зэхэж байна. Сумдаас ирсэн бүжгийн
багш нар бэлтгэгдээд сумандаа
очоод хүмүүсээ бэлдээд аймгийн
аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.
Саяхан аймгийн Эрүүл
мэндийн газар сумдын 20 гаруй нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудаа бүжгийн сургалтад хамруулсан. ЭМГ-ийн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн
дарга Э.Ариун-Эрдэнэ
гээд мундаг залуу байна. Манай
салбар ч түүнд хамаардаг. Энэ сургалтдаа өөрөө ч хамт суусан. Ийм
мундаг залуучууд бүжгийг ойлгож
байгаад баяртай байгаа.
Дараа нь улсын
аваргад хамтлаг бэлдэж явуулна.
Бидний хувьд хамгийн хариуцлагатай тэмцээн. Архангайд холбоо байгуулаад нэг жил боллоо. Үйл
ажиллагаа нь ямар хэмжээнд явж байна гээд л харна. Хамгийн гол нь аварга болохгүй ч гэсэн оролцуулах нь чухал. Ирэх намар нийтийн бүжгийн бүсийн аваргын тэмцээн манай аймагт болно. Баянхонгор, Өвөрхангай аймгаас бүжигчид ирж
оролцонгоо Архангайн холбоо
байгуулагдсанаасаа хойш юу хийсэн, ахисан зүйл нь
юу байна, орон нутгийн дарга удирдлагууд нь яаж дэмждэг юм гээд л харна. Өнгөрсөн 10 дугаар сард болсон тэмцээний бүх насныханд бүжигчдээ авч явахад аймгийн Засаг дарга дэмжиж, замын зардлын мөнгө гаргаж өгсөн. Бид дан мөнгө, хүрэл, хосын дөрвөн хос
медальтай ирээд Засаг даргатай эргээд
уулзаж, анхныхаа тэмцээнд амжилттай
яваад ирснээ дуулгасан. Ер нь бол дор дор нь тайлагнаад уулзаад явчихдаг. Нийгмийн эрүүл
мэндийн төлөө, хүмүүсийн
эрүүл мэндийн төлөө л хийж байгаа ажил юм даа. Бүжгийн салбар холбоог ажиллуулснаар бүхий л зүйлд суралцаж байна.
-Бүжгийн
холбоо нь мөнгө санхүүгийн хувьд ямар зохицуулалттай, зохион байгуулалттай байдаг вэ?
-Мөнгөгүй
холбоо. Манай төв холбоо
хүртэл төр засагтайгаа хамтран ажиллаж, санхүүгийн дэмжлэг авч, дээрээс нь өөрсдөө санхүүжилтээ босгоод явуулдаг. Манайх яг л тийм зарчмаар ажиллаж байгаа. Төсөвт нийтийн биеийн
тамир, спортод зориулсан зардал бий. Түүнээс л бид авах ёстой юм билээ. Жишээ нь
спортын газар дээр гэхэд нийтийн биеийн тамирын хөгжилд зориулсан төсөв жилийн
төдөн сая төгрөг гээд суучихсан байдаг. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт орчихсон.
Тэгэхээр бид нар төрийн дэмжлэгтэй л явах холбоо. Бусад санхүүжилтээ босгож болно. Гэхдээ
одоохондоо санхүүжилт босгох болоогүй.
Хотод клубүүд бүжгийнхээ таксаар байрны түрээс болон дотор нь ажиллаж байгаа хүмүүсээ
цалинжуулдаг юм билээ. Бид цаашдаа
өргөжиж, хөгжим аппаратур авах, түүнийг хариуцаж ажиллуулах хүний болон цэвэрлэгээ
үйлчилгээ хийх хүнийг урамшуулах, сургалт явуулж байгаа багш, дасгалжуулагчийн
хөлс гээд гарах зардлуудтай нүүр тулна. Тэр үед л шийдлээ олоод явна даа.
Одоо Архангайн хэмжээнд багш бэлтгэх хэмжээний хүн одоохондоо
гарч ирээгүй байгаа. Бүжгийг
бүжиглэдэг хүн шууд заахгүй юм билээ. Заавал багшлах арга зүйд суралцаж байж
заана. Харин сургалтаас мөнгө олох тухай бодох ч хэрэггүй. Янз бүрийн
тэмцээн уралдаанд явахад дандаа дарга нараас гуйж байхаар өөрсдөө хуримтлалтай болъё гэж
ярилцсан. Эндээсээ бүжгийн хувцас, хэрэглэл, зардал мөнгөө гаргадаг байхаар.
-Нийтийн
бүжгийг хөгжүүлэх энэ ажилд хувь нэмрээ оруулж байгаа танд маш их баярлалаа. Ярилцлагын төгсгөлд бүжигт урьж, үг хэлээч?
-Залуучууд,
идэр насныхан, ахмад гээд насны ялгаа гаргахгүйгээр хүн бүр л хөдөлгөөний дутагдлаас өөрсдийгөө урьдчилан
сэргийлэхийн тулд яагаад энэ нийтийн бүжгийн спортыг сонгож хичээллэж болохгүй гэж.
Нийтийн
бүжгийн спортод насны
хязгааргүй олон хүн хамрагдах боломжтой гэж харж байгаа. Жишээ нь, теннис, волейбол, сагсан бөмбөгийг залуу насны спорт гэдэг. Түүн шиг нийтийн бүжгийн
спортод насны хязгаар байхгүй. Б.Бат-Эрдэнэ аварга хүртэл нийтийн бүжгийн спортод орчихсон, манай холбооны удирдах зөвлөлд
байдаг шүү дээ.
Бүжиг бол эрүүл, урт удаан наслах үндэс.
Дээрээс нь бүжгийн хамт олонтой явна. Хөгжим сонсохоор стресс тайлагдана, аз жаргалыг мэдэрнэ. Миний хэлэх дуртай үг бол “хөдөлгөөн хийж чадаж байгаа хүн
бүр бүжиглэж чадна” гэж. Хүмүүс
би авьяасгүй, хөдөлгөөний эвсэлгүй гэдэг. Үгүй. Тэр хүний гар хөл нь хөдөлж л байгаа бол
бүжгийг сурч, бүжиг хийнэ. Сонсгол муутай ч гэсэн рефлексээрээ
бүжиглээд явж байгаа хүмүүс зөндөө байна шүү дээ.
Ахмадууд маань
залуучуудаа уриалаад, урам
өгөөд хамт байвал илүү гоё хөгжинө шүү дээ. Ахмадуудаасаа үлгэр
дуурайлал авч, бүжиг эхлүүлсэн юм чинь бүжгийг хөгжихөд бас ахмадуудын маань үүрэг, дэмжлэг хамгийн их шүү гэж л хэлье дээ. Залуучууд
ахмадуудтайгаа хамтрахад бэлэн байна.
-Ярилцсанд баярлалаа.