УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 15-27-ны өдрүүдэд хуралдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-08-14 08:18:24

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 15-27-ны өдрүүдэд хуралдуулах УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн захирамж гарлаа.


Ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоолын төслүүд болон Зарим дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэх юм.


Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолтой холбогдуулан холбогдох хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсохоор болсон байна.


Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 15-ны өдрийн пүрэв гарагийн 10.00 цагаас эхлэх юм.


関連ニュース