НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы III хорооны Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-09 10:22:16

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Гуравдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэлийн энэ сарын 6-ны өдрийн хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр үг хэлэв.

 

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд энэ удаагийн Ерөнхий санал шүүмжлэл нь удахгүй Катар Улсын Доха хотноо болох Нийгмийн хөгжлийн асуудлаарх дэлхийн дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалт, Бээжингийн тунхаглал болон Үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жилийн ой тохиож буй чухал мөчид болж байгаа нь нийгмийн хөгжил, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах чиглэлээрх үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэв.

 

Монгол Улс "Алсын хараа-2050", Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг үндэсний хөгжлийн баримт бичгүүдтэй уялдуулан нийгмийн хөгжлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, түүний дотор залуучууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг хангах зэрэг чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

関連ニュース