Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар Элчин сайд М.Игавахара Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн энэ оны наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлал тус улсад энэ сарын 8-ны өдөр Миязаки мужид болсон газар хөдлөлтийн улмаас томоохон хэмжээний газар хөдлөлт болж болзошгүй талаарх сэрэмжлүүлэг гаргаад буй бөгөөд учирч болзошгүй эрсдлийг бууруулах, гамшгийн эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах шаардлагын улмаас энэ удаагийн айлчлал цуцлагдаад буй нөхцөлд байдлын талаар тайлбарлаж, хүлцэл өчив.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс дахь газар хөдлөлт, байгалийн гамшгаас үүдсэн дотоодын нөхцөл байдалтай холбоотойгоор Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн манай улсад хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлал энэ удаа цуцлагдсан тухай нөхцөл байдлыг маш сайн ойлгон, хүлээн авч буй гээд энэхүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, Монголын ард иргэд бидний дотны анд, Тусгай стратегийн чухал түнш Япон Улс, Японы ард иргэд, анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байгааг онцоллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны зургаадугаар сард Монгол Улсын Их Хурлын сонгууль амжилттай болж өнгөрснийг тэмдэглээд, сонгуульд олонхийн суудал авсан Монгол Ардын Нам Ардчилсан нам болон ХҮН намтай хамтран Засгийн газраа эмхлэн байгуулсан нь Монгол Улс, Япон Улсын Тусгай стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хүн төвтэй харилцаа, хамтын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал болохыг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, цаашид уг түншлэлийн Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангаж, өнөөг хүртэлх харилцааны ололт амжилтыг баталгаажуулж, улам бүр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа нотлов. Энэ хүрээнд түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, иргэд хоорондын солилцоог дэмжих асуудлаар санал солилцов.
Манай хоёр улсын соёлын харилцааны 50 жилийн ой тохиож буй 2024 онд “хүн төвтэй” хамтын ажиллагаа бэхжиж, ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөл улам бүр гүнзгийрч буйг талууд сайшаан тэмдэглэж, ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын андлал, нөхөрлөлийг улам бүр эрчимжүүлэхийн төлөө буй гэв.