Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-05-03 09:29:56

ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 3 /AFP/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар үндэсний зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон тухай Елисейн ордноос хоёр удирдагчийн Парист хийсэн уулзалтын дараа мэдэгдсэн байна. 


“Уулзалтын үеэр Франц, Японы хооронд батлан хамгаалах асуудлаар стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр шийдвэрлэлээ. Талууд Францын арми болон Японы өөрийгөө хамгаалах хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хэлэлцээр байгуулах үйл явцыг эхлүүлнэ” гэж мэдэгдэлд дурджээ. 


Түүнчлэн хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа цөмийн эрчим хүч, сансар огторгуй, инновацын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 


Э.Макрон, К.Фүмио нар мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хөгжлийг хангах үүрэг амлалтаа дахин нотлов.

関連ニュース