Далан давхрын оршуулгын цэцэрлэгт хүрээлэнг нээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Самбалхүндэвийн буюу Далан давхрын оршуулгын 10 га газрын дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнг албан ёсоор нээжээ.
Тус оршуулгын газрыг 1930-аад онд байгуулж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаасан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн.
Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолд тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд тусгаснаар тус оршуулгын газар нь 73.9 га талбайтай, мөн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд хийсэн тооллогоор 47.6 мянган шарил байх бөгөөд 35.3 хувь буюу 16.8 мянга нь эвдэрч муудсан, 1.1 хувь буюу 0.5 мянга нь ухаж тоносон байдалтай байгааг дурдсан байдаг.
Улмаар суурьшлын
бүс, цаашлаад нийслэл хотын хүнсний захтай зэрэгцэн оршиж буй тухайн оршуулгын газрыг нийслэлийн иргэдийн
эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2015 онд УИХ-аас баталсан
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд олон улсын
жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр
тусгаж, өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн юм.
Цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр га талбайд хийсэн ногоон байгууламжид 18 төрлийн 5300 гаруй мод бут тарьж, 1317 м.кв талбайг зүлэгжүүлсэн байна.
Төслийн хүрээнд
тус оршуулгын газрын 10 га талбай дахь нас барагсдын булшийг 2022 оны оны дөрөвдүгээр
сарын 16-ны өдөр холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн
зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, чандрыг Дурсгал,
хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залжээ.