Г.Болор: Эмэгтэй энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэхээс гадна тухайн улсын иргэдийн сэтгэлд ойр байж чаддаг

ТОЙМ
b.tuul@montsame.gov.mn
2023-07-03 11:17:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болортой ярилцлаа.


-Юуны өмнө “Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал”-ын эзнээр тодорсонд Танд баяр хүргэе. Мөн тэрхүү баярт үйл явдлын дараа анхлан манай агентлагт ярилцлага өгч байгаад талархлаа илэрхийлье. Шагнал гардуулах ёслол хэрхэн болж өнгөрөв. Энэ асуултаар ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Энэ шагнал бол АНУ-ын Төрийн департаментаас олон улсад зарладаг “Олон улсын эр зоригт эмэгтэйчүүдийн шагнал” юм. Манайхан “Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал” гэж сайхан орчуулсан байна лээ. Уг шагналын шалгаруулалтыг 2007 оноос хойш зарлан явуулж ирсэн. Энэ жил 11 эмэгтэй шалгарсны нэг нь би болж, тэрхүү шагналыг гардаж авлаа. “Цагаан ордон дотор байгаа шүү” гэх бодлоос авахуулаад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Тэргүүн хатагтай нараас шагнал гардаж авах тэр мэдрэмж үнэхээр сүр жавхлантай байсан.


-Шагналаа гардаж авч байгааг тань бид цахимаар үзсэн. Танхимын уур амьсгал ямар байв?

-Цагаан ордонд цэргийнхээ бүх хүчний алба хаагчдыг авчирсан, цэргийн оркестр тоглож байсан. Тэндээс ямар нэг томоохон арга хэмжээ зохион байгуулахдаа цэргийнхнийгээ түшиглэдэг юм байна даа хэмээн олзуурхангуй харж байлаа. Тэр зааланд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр хамт байлцсан. Элчин сайд маань надад хань, түшиг болж байсан.


-Олон улсад нэр хүндтэй тэрхүү шагналыг ямар үндэслэлээр олгодог юм бол?

-Шагналыг үндсэндээ 3 төрлөөр олгож байсан. Эхнийх нь бүс нутгийнхаа эмэгтэйчүүдийг манлайлж, тодорхой нэг албан тушаал дээр очиж, үр дүн гаргасан эмэгтэйчүүд буюу энхийг сахиулах ажиллагаанд оролцож, эх дэлхийн амар амгаланг бүтээлцэхэд хувь нэмрээ оруулсан гэдэг төрөлд нь би багтаж байх шиг байгаа юм. Хоёр дахь нь хүний эрхийн хуульчид. Хүний эрхийг хамгаалахын төлөө, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалахад нөлөө өгч ажилласан эмэгтэйчүүд. Гурав дахь нь сэтгүүлчид буюу амь дүйсэн эрсдэлтэй нөхцөлийг сурвалжилсан, ялангуяа дайны нөхцөлд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалж, тэдний дуу хоолой болж, бодит үнэнийг олон нийтэд ил гаргасан хүмүүс багтаж байсан.


-Шагнуулах болсон тухай мэдээг танд анх хэн, хэзээ дуулгав?

-БХЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Батхүү хурандаа утасдаад, “АНУ-ын ЭСЯ-ны хоёр хүн өрөө рүү чинь орох гэж байна. Ямар шалтгаанаар уулзах гэж байгаагаа өөрсдөө очоод хэлнэ биз дээ” гээд утсаа тасалсан. Эхэндээ ч сонин мэдрэмж төрсөн. Юм бодож ч амжаагүй байтал АНУ-аас Монголд суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Брайн, тус яамны ажилтан Рино нар инээгээд ороод ирсэн. Тэдний царайг хараад ямар ч байсан сайн мэдээ дуулгах нь гэж бодсон. “Юу болсныг мэдэж байна уу” гэхээр нь “Хурдан хэл ээ” л гэсэн. Тэгсэн “Ийм учиртай шагнал байдаг юм. Та тэр шагналын эзнээр тодорч байна. Бид 2-3 сарын өмнө таны анкет, холбогдох мэдээллийг хүргүүлсэн юм. Шалгаруулалтын шатанд хасагдчихвал хүн горьдоочих байх гэж бодоод дуулгаагүй. Одоо нэгэнт тодорхой болсон тул албан ёсоор хэлж байна” гэсэн. Анх тэгж л дуулсан. Мэдээж баяртай мэдээ байсан.


-Шагнал хариуцлага дагуулдаг гэдэг. Шагнал гардсаны дараа би юу хийвэл зохилтой вэ гэсэн бодол төрж байсан байх?

-Хамт шагнал авсан эмэгтэйчүүдийг хараад би биширч байсан. Тэдний дундаас Малайзын сенаторч эмэгтэйн тухай би онцолж ярихыг хүсэж байна. Тэр эмэгтэй малайз охид эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө тэмцэж, төрийн түвшинд дуу хоолойгоо хүргэсэн, маш хүнд бэрх замыг туулсан нэгэн байсан. Тийм түүхийг сонсоход ямар ч хүн өөр дээрээ тусгаж боддог юм билээ. Цэргийн хүнд дайн дажинтай цагт хүлээх үүрэг гэж бий. Тайван цагт бол бид өөр үүрэгтэй. Тэгэхээр үндсэн үүрэг, ажлынхаа хажуугаар “Би юу хийж чадах вэ” гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирж байсан. Тэгээд Зэвсэгт хүчин бие бүрэлдэхүүнийг тайван цагт өдөр тутамд сургаж бэлтгэх ажилдаа л үнэнхүү хүчин чармайлт гаргаж ажиллая гэж бодсон. Миний хийж чадах бодит хувь нэмэр бол тэр юм. Нөгөө талаараа хувь хүн, эмэгтэй хүн, ээж хүнийхээ хувьд ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудад очиж, лекц уншиж охид эмэгтэйчүүдэд урам зориг өгөх ажлыг эхлүүлээд байна. Хийнэ дээ гэж бодож төлөвлөсөн зүйл маш их байна. Энэ олон шагналын ард “Энэ хүн л юм хийх байх” гэсэн хүмүүсийн хүлээлт байгааг бүрэн дүүрэн ойлгож ухамсарлаж байгаа. Түүнээс биш “Шагнал авчихсан, одоо ингээд бол оо” гэх бодол үнэндээ орж ирэхгүй байна.

-Танд АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байденаас талархлын захидал ирсэн гэж сонслоо. Шагналын эргэн тойрон дахь сонин сайхан үйл явдлын нэг нь саяхан гар дээрээ авсан шинэхэн захидал болж байх шиг байна?

-АНУ-ын тэргүүн хатагтайгаас захидал хүлээж авахад их сонин мэдрэмж төрдөг юм байна. Захидлын товч агуулга гэвэл “Бригадын генерал Ганболдын Болорт. Эх дэлхийн эмэгтэйчүүдийн манлайлалд оруулж байгаа хувь нэмрийг тань өндрөөр үнэлж байна. Энэхүү үйл ажиллагаагаа цаашид өргөжүүлэн дэлгэрүүлж, олон мянган охид эмэгтэйчүүдийг сайн сайхан үйлсэд уриалан дуудна гэдэгт итгэлтэй байна” гэж бичсэн байна билээ. Одоогоор жаазалж ч амжаагүй байна.


-“Монгол Улсын анхны эмэгтэй генерал цолтон төрлөө” гэсэн мэдээ нийгэмд ихээхэн шинэ соргог сонсогдож байсан. Тэр үеийн мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцаач. Цол нэмсэн догдлол баяр бол саяхных шүү дээ. Тэгэхээр тэр мэдрэмж их ойрхон байгаа болов уу гэж бодож байна?

-Таныг асуунгуут тэр үеийн мэдрэмж сэргэж байна. Тэр мэдээг цочирдож хүлээж авсан. Тооцоолоогүй үйл явдал гэх үү дээ. Түүнээс гадна Төрийн ордноос гарч ирэхэд манай бүх эмэгтэй алба хаагчид цэнхэр дуулгаа, албаныхаа хувцсыг өмсөөд жагссан байсан нь амьдралдаа төсөөлж ч чадамгүй тохиол байсан, шоконд оруулсан. Шагнал аваад гарч ирж байгаа алдартнуудыг харж байсан шиг л төсөөлөлтэй байсан. Тэр өдөр тэнгэр цэлмэг, хурц нартай өдөр таарсан. Тийм үед хүн аавыгаа л боддог юм билээ. Тэнгэр рүү харахад “аав минь охиноо харж байгаа байх даа” гэсэн бодол төрж байсан.

-Хүүхэд байхдаа цэргийн хүн болно доо хэмээн бодож мөрөөдөж байв уу?

-Тийм бодол байгаагүй. Эмч болъё л гэж боддог байсан.

 

-Ээж тань таныг цэргийн сургуульд сур гэж зөвлөсөн тухай сонсож байсан юм байна?

-Намайг аравдугаар анги төгсдөг жил Цэргийн сургууль анх удаа эмэгтэй сонсогч элсүүлэхээр болсон юм. Цэргийн хүн болно гэдэг ээжийн маань мөрөөдөл. Ээжийгээ “Миний охин шалгалт өгөөд үзчих” гэж гуйхад нь шалгуулаад, тэнцэж, элсэн орсон доо. Тухайн жил 6 эмэгтэй сонсогч элссэн. Тэр жил мөн ахлагчийн сургуульд 20 эмэгтэй элсэж, нийтдээ 26 хүүхэд орж байлаа.

 

-Цэргийн хүн болно гээд явж байх тэр үед эмэгтэйчүүд арын албанд л ажилладаг гэсэн нийгмийн хэвшмэл ойлголт хэр их байсан бэ. Тэр ойлголтыг давж тийм сургуульд элсэнэ гэдэг зориг шүү?

-Зах зээл эхэлсэн тэр он жилүүд бол Зэвсэгт хүчний салбарыг, тэр дундаа эмэгтэй алба хаагчдын талаарх эерэг ойлголтыг урагшлуулсан цаг хугацаа болсон. Энэ нь ганцхан манай улсад хамаатай хэрэг биш. 1970 оноос хойш дэлхий даяар эмэгтэй хүн яагаад мэргэжлийн цэрэг байж болохгүй гэж гэсэн хандлага тархсан. Тэр хандлагаас улбаатайгаар Америк, Англи, Герман зэрэг орон эмэгтэйчүүдийг цэргийн сургуульд элсүүлж эхэлсэн. Манай улс охид бүсгүйчүүдийг цэргийн сургуульд сурахыг зөвшөөрөхгүй байгаа улс орнуудын дэргэд бол 1994 онд элсэлт авсан нь том алхам. Тэр цагаас хойш 29 жил өнгөрч байна. Одоо бол эрчүүд л цэргийн хүн байх ёстой гэсэн хаалт хашилт байхгүй болчихлоо. Би гэхэд, цэргийн сургуульд элссэн тэр хавар ээжтэйгээ бараг шөнөжингөө ярьж байж шийдвэр гаргаж байсан юмдаг. Биднийг хүлээж авсан багш удирдлагууд ч ухаантай хүмүүс байж. 


-Та ч тэгвэл их дуулгавартай охин байж дээ?

-Тийм ээ. Гэхдээ ямар ч хүн ижий аавынхаа үгэнд орж явахад бурууддаггүйн жишээ энэ. Хүний ижий аав хүүхдэдээ хэзээ ч бурууг хэлж, зөвлөдөггүй шүү дээ.

 

-Карантинд гараад эрчүүдийн хөлд хэр чирэгдэв. 18, 20-той залуучуудыг дагаад гүйж харайна гэдэг эмэгтэйчүүдэд хүнд биз дээ?

-Би сургуулийнхаа сагсны багт тоглодог байсан юм. Тийм болохоор айхтар түүртээгүй. Тухайн үедээ даваад л гарсан. Өвлийн хүйтэнд гадаа оройн тоонд зогсох л хамгийн хэцүү байж билээ. Бүх бие хөлдөж байгаа юм шиг санагддаг байсан. Байрнуудын цонх руу хараад, хүмүүс дулаахан гэртээ зурагтаа үзээд сууж байгаа даа гэж бодохоор ээждээ гомдож, “яахаараа эмэгтэй хүүхдийг ийм сургуульд оруулж, ингэж хөлдөж үхтэл нь зогсоодог байна аа” гэж боддог байсан. Тэгтэл миний тэгж зогсох гайгүй байсан юм билээ. Гэр ойрхон болохоор гэр рүүгээ гүйчихдэг, тэгээд жагсаалаасаа хоцорчихно. Дээр нь ганцаараа гүйхгүй. Ганц хоёрыг нь дагуулчихна. Биднээс болж манай хөвгүүд олон удаа шийтгүүлсэн байгаа юм. Сургууль төгссөний дараа хөвгүүд “Та нараас болж бид хэчнээн удаа чихээ хөлдөөсөн гэж санана” гэж дурсаж байсан. Тэдэндээ уучлаарай гэдэг үгийг ер хэлж байгаагүй юм байна. Энэ ярилцлагаараа далимдуулаад уучлал гуйя.

 

-Их сургууль төгслөө. Ямар ажил, хамт олон таныг угтав?

-Манай сургууль 4 жилийн хөтөлбөртэй байсан ч шинэ хөтөлбөр нэмж оруулсан тул бид 5 жил сурсан. Би онц дүнтэй төгсөж, ЗХЖШ-ын Тооцоолох төвд электроникийн инженерээр томилогдсон. И.Батболд захирагчтай тооцоолох төвийн хэдэн сайхан эгч намайг тосож авч байлаа. Тэдэндээ үргэлж талархаж явдаг. Хүний ажил амьдралын гарааны цэг зөв байна гэдэг цаашдын маш олон юмны суурь нь болж өгдөг юм билээ. Манай хамт олон намайг гадаад хэл сурах ёстой, тэгэхгүйгээр залуу хүн хол явахгүй гэхэд дарга маань дэмжиж, англи хэл сурах суурийг тавьж өгч байлаа.

-Та Зэвсэгт хүчинд 30 орчим жил ажиллахдаа хэдэн шатны ямар албан тушаал хашив?

-Миний үндсэн мэргэжил бол холбооны инженер. Гэхдээ сэлгээ морьтой гэдэг шиг л ажилласан байдаг юм. Мэргэжлээрээ тооцоолох төвд электроникийн инженерээр ажиллаад, дараа нь Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Холбооны тэнхимд 7 жил багшилсан. Англи хэлний дамжаанд суралцаад, МУИС-ийн Олон улсын харилцааны оройн анги төгссөн. Тэгээд Америкийн Батлан хамгаалахын гадаад хэлний институтэд багшийн дамжааг дүүргээд, сургуулийнхаа гадаад хэлний сургалтын төвийн дарга болсон. Түүний дараа хэл устай гээд энхийг сахиулах ажиллагаанд явах боллоо. Тэндээсээ Цэргийн нэгдсэн сургуулийн сургалтын албаны дарга, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн даргаар ажилласан. Одоо ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын даргаар ажиллаж байна.


-Сонсогчоос Бригадын генерал хүртэл хэдэн цол байдаг гэсэн үг вэ. Хугацаанаас нь өмнө авч байсан цол бий юу?

-Нийт найман цол байдаг. Хугацаанаас өмнө авч байсан удаагүй, харин ч сүүлдэж авч байсан. Тэгэхдээ дөрвөн жил болчихлоо, цолыг нь нэмье гэдэггүй юм. Тухайн албан тушаал дээрээ очиж байж, тэр цолоо авдаг гэсэн үг. Цолтой холбоотой нэг дурсамж ярихад, дэд хурандаа цолыг би АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллежид сурч байхдаа авч байв. Тэр үед хоёр америк генерал 500 гаруй нисгэгчийн өмнө мөрдсийг маань зүүж өгч байсан. Их онцлог дурсамж үлдээсэн цол. 

 

-Нью-Йорк дахь НҮБ-ын төв штабт ажилласан анхны монгол офицер гэж таны намтарт бичсэн байсан. Тэнд хэдий хугацаанд ажиллав. Сонирхолтой ихээхэн туршлага хуримтлуулсан цаг хугацаа болсон болов уу?

-Тэнд хоёр жилийн хугацаагаар манайхаар Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтнээр ажилласан. Тэр ажилд очихын өмнө хэд хэдэн даваа туулсан. Тэр жил би Өмнөд Судан дахь ажиллагаанд байж таарсан юм. Миний анхны дарга И.Батболд хурандаа Нью-Йоркоос холбогдоод, “Чи энэ анкетыг бөглөөдөх” гэсэн. Тэр үед Өмнөд Суданд дайны байдал үүсчихсэн, миний сэтгэл зүй гэж авах юмгүй болчихсон, тэгээд даргадаа хэллээ. “Битгий ийм анкетын асуулга над руу илгээж бай, амьд харьдаг юм бол дахиж ажиллагаанд явахгүй” л гэсэн. Дарга бол дарга шүү дээ. Орой нь дахиж утасдаад, “Олон юм ярилгүй, наадахаа бөглөж явуул” гэдэг юм. Шөнө нь сууж бөглөж байснаа санадаг. Гэтэл тэр анкет тэнцчихсэн. Түүний дараа бичгийн шалгалт авсан, дараа нь ярилцлагад орсон. Нийт мянга гаруй офицероос 12-13 хүнийг сонгодог ажил гэдгийг очсон хойноо л мэдсэн. Надаас өмнө монгол хүн ажиллаж байгаагүй учраас туршлагагүйтсэн тал бий. Энэ алба танай хэвлэлийнхний ажлаар бол шуурхай мэдээний алба гэж ойлгож болно. Хугацаагаа дуусгаад Монголдоо ирцгээсэн. Уг нь сунгаж ажиллаж болдог юм билээ.


-Сунгаж ажиллая гэсэн хүсэлтээ гаргаагүй юм уу?

-Хүсэлтээ гаргасан. Манай дарга сингапур, хурандаа хүн байсан. Дэлхийн эргэн тойронд энэ ажлыг хийх гэж маш олон хүн хүсэлтээ гаргаж байхад “Яагаад нэг хүнийг сунгаж ажиллуулах ёстой гэж” гэсэн. Тэр даргын өөрийнх нь удирдлагын зарчим тэр байсан. Тэгээд хэнийг ч сунгаж ажиллуулаагүй, бүгд хоёр жилээ дуусгаад нутаг буцсан. Тэр үед энгийн албанд шилжиж ажиллах санал ирж байсан. Надад Нью-Йоркт үлдэх боломж гарч ирж байгаа юм л даа. Цэргийн амьдралаас авдаг мэдрэмжээ бодоод шуудхан л татгалзсан.

-Ингэхэд Та энхийг сахиулах хэдэн ажиллагаанд явав?

-Гурван ажиллагаанд явсан. Хамгийн анх 2009 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад очиж, Цэргийн хүчний төв штабт Хүний нөөцийн офицер хийж байсан. Түүний дараа 2013 онд Өмнөд Судан дахь UNMISS ажиллагааны Хүчний штабт Холбооны хэлтсийн даргаар ажилласан. Төв штабынхаа удирдах бүрэлдэхүүнд орж ажилласан ганц эмэгтэй болж таарсан. Тэр үе дайны цаг үүсчихсэн учраас сэтгэл санаа, бүх тал дээр хүндхэн цаг үе байсан. Гурав дахь нь 2015-2017 онд Нью-Йоркт ажилласан гэж түрүүнд ярьсан ажил маань юм.

 

-НҮБ-д ажиллаж байхдаа шилдэг эмэгтэй энхийг сахиулагч шалгаруулах санаачилга гаргаж байсан бил үү?

-Өмнөд Суданд байхдаа, манайхаар бол олон орны эмэгтэй энхийг сахиулагчдыг хамруулсан Эмэгтэйчүүдийн зөвлөл бүрдүүлж ажилласан. Зөвлөл маань маш олон асуудлыг шийдсэн. Тэр ажлынхаа барьцыг ахиулаад, фэйсбүүкийн пэйж болгосон. Өөр нэг хөгжилтэй гэмээр түүх ярихад, монгол сэтгэхүйгээрээ хандаад, “Яагаад жил бүр эмэгтэй шилдэг энхийг сахиулагч шалгаруулж болохгүй гэж” гэсэн санааг дэвшүүлсэн. Тэр саналаа Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөндөө хэлтэл дэмжигдээд, 2016 оноос хойш Энхийг сахиулагчдын өдрөөр “Дэлхийн шилдэг эмэгтэй энхийг сахиулагч”-ийг шалгаруулдаг болсон. Логог нь Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан 5 дугаар мотобуудлагын батальоны Монголын энхийг сахиулагч нар хийж байлаа.


-Манай улсын эмэгтэй энхийг сахиулагчдын тоо одоогийн байдлаар хэдэд хүрээд байна вэ. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх үүрэг хүлээж байгаа гэж ойлгосон?

-Одоогийн байдлаар, давхардсан тоогоор 1000-д хүрлээ. Ажиллагааны газар оронд 106 эмэгтэй байна. Энэ үзүүлэлтээрээ Азидаа тэргүүлж яваа. Монгол улсын Ерөнхийлөгч 2022 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн чуулганд оролцох үеэрээ хоёр амлалт өгсний нэг нь “Тэрбум мод” санаачилга, нөгөөх нь эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх юм. Амлалтын хүрээнд цэргийн сургуульд элсэх эмэгтэй сонсогчдын тоог нэмж байгаа. Дээр нь гадаад хэлний сургалтын төвүүдэд сурах суралцагчдынхаа тоог нэмж байна. Гэхдээ тоог нэмэх нэг хэрэг, чанарыг сайжруулна гэдэг өөр нэг хэрэг. Иймд чанарт давхар анхаарах нь зөв. НҮБ-аас 2028 он гэхэд нийт энхийг сахиулагчдынхаа 25 хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн. Тэгэхээр энэ ажил урт хугацаандаа тасралтгүй үргэлжлэх ажил юм.


-Танаас асууя гэж бодож явсан юм. Эмэгтэй хүн энхийг сахиулагч байхын давуу тал юу вэ?

-Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь ямар хэрэгтэй юм бэ гэж ярьдаг хүмүүс байдаг. Энэ бол харьцангуй ойлголт. Тухайлбал, ажиллагааны газар оронд амьдарч буй эмэгтэйчүүд, хүүхдүүд айдас хүйдэс, хүчирхийллээс болоод эрэгтэй хүнийг харж чадахаа байчихсан байдаг. Тэднийг эмнэлгийн үзлэгт хамруулах шаардлага цөөнгүй үүсдэг. Тийм үед эмэгтэй эмч нар маш их хэрэгтэй болдог юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлнэ гэдэг нь зөв шийдвэр төдийгүй хамгийн ухаалаг гарц юм. Яагаад гэвэл, тэдгээр эмэгтэйчүүд эх дэлхийнхээ төлөө зүтгэхээс гадна тухайн үүрэг гүйцэтгэж байгаа улс орныхоо ард иргэдийн зүрх сэтгэлийг эзэмдэж чадна” гэж хэлсэн байдаг. Тэр бол маш үнэн үг гэж бодож явдаг.

 

-Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ. Таны түүхийг сонсож суухад өөрийгөө дайчилж, тэр хэрээр хөгжүүлсэн байгаа болохоор ингэж асууж байна л даа?

-“Амьдралдаа ерөөс зогсож болохгүй. Нэг өдөр ч бай, сурах боломж олдвол сур”. Энэ бол манай буурайгийн надад суулгасан хүмүүжил. Буурай маань “Юухныг ч болов сур. Чамд хэзээ нэгэн цагт хэрэг болно” гэдэг байсан. Нээрээ ч сурсан, сургасан болгон нь хэрэг болдог юм. Энхийг сахиулах ажиллагааны үеэр наадам болж, хонь гаргаад гэдсийг нь яах вэ л болсон. Арилгалаа. Тэгж бид африк хонины гэдэс идсэн.    

-Дайны нөхцөл байдал гэгчийг нүдээр үзэж, биеэрээ мэдэрсэн хүнд амьдралын үнэ цэн, үнэлэмж эрс дээшилдэг байх. Танд амьдралаас юу нь их чухал санагддаг вэ?

-Амьдралаас ихийг хүсэх шаардлагагүй. Өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байх нь маш чухал. Би бүх юм хоёр талтай гэж хэлэх дуртай. Бид хоёр амьдрахгүй, хоёр нарыг үзэхгүй, 200 жил амьдрахгүй. Тиймээс өдөр тутмынхаа амьдралаас, нэг нэгнээсээ баяр баясгалан, аз жаргалыг авч, бие биеэ урмаар тэтгэх хэрэгтэй. Тэгээд л болоо.

 

-Цэргийн хүнд тангараг өргөнө гэдэг хүн бүрд, тэр бүр тохиодоггүй гайхалтай мөч байдаг. Магадгүй, амьдралаа юуны төлөө зориулахаа тэрхэн хоромд ойлгодог цаг мөч тэр байх?

-Тангарагт маш их хүч байдаг. Анх 17-тойдоо юу ч мэдэхгүй, цээжлээд л тангаргаа өргөчихсөн. Сэтгэлд ширхийсэн тэдгээр үгнүүдийг зүгээр л хэлээд өнгөрчихсөн байсан. Одоо бол үг болгон нь, мөр болгон нь амьтай санагддаг.


-Төрийн дуулал эгшиглэх, далбаа мандуулах, жагсаалаар алхах, ёслолын форм өмсөх гээд цэрэг, эх орны амьдралаас таныг хамгийн их огшуулдаг зүйл юу вэ?

-Та бараг бүгдийг нь хэлчихлээ. Хариултгүй асуулт байна. Өнөө өглөөхөн зохиогдсон тэмцээний нээлтийн үеэр төрийн далбаа мандуулахыг хараад огшоод л ирсэн. Сүүлдээ ч бүр уйлах гээд байдаг болчихоод байгаа шүү.


-Тэгвэл танд цэргийн хүн болоогүй бол гэсэн бодол төрж байсан удаа бий юу?

-Харин ч ямар азаар цэргийн хүн болсон юм бол оо гэж боддог юм. Цэргийн хүн болсондоо маш их аз жаргалтай явдаг.


-Та гэр бүлээ танилцуулаач. Хэр гэрийн эзэгтэй, ээж вэ?

-Манай гэр бүлийн хүнийг Д.Хашхүү гэдэг. Хүндэт харуулын ангийн штабын дарга. Хоёулаа цэргийн албанд зэрэг зүтгэнэ гэдэг бахархалтай сайхан боловч хувийн амьдралд зарим нэг бэрхшээл гардаг. Охин маань нэгдүгээр анги. Ээж маань л их тус болж байна даа.

-Таныг анх ажилд орж байх үеийн Зэвсэгт хүчин, өнөөгийн Зэвсэгт хүчин хоёрын хооронд асар их зөрүү гарсан байх. Энэ талаар таны бодол?

-Зэвсэгт хүчин хөгжиж байна. Ялангуяа, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хувьд хийсэн нэг том бөгөөд зөв шийдвэр бол энхийг сахиулах ажиллагаанд монгол цэргүүдээ илгээсэн явдал юм. Нөгөөтэйгүүр бусад улсын цэргийн сургуулиудад хүмүүсээ сургаж байна. Манай залуучууд өнөөдөр хамгийн багадаа хоёр гадаад хэлтэй, түүнээс ч олон хэлээр чөлөөтэй нэвтрэлцчихдэг болсон. Тиймээс ч Зэвсэгт хүчний алба хаагч залуус маань өнөөгийн Монголын нийгмийг манлайлахын төлөө урам зориг, итгэл үнэмшилтэйгээр ажиллаж байна.


-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл асууя. Монгол Улсын Батлан хамгаалах салбарыг эмэгтэй хүн удирдах цаг хэзээ нэг цагт ирэх болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Хүндхэн асуулт байна, гэхдээ яагаад болохгүй гэж. Хэзээ нэг нартай өдөр хэн нэгэн лидер эмэгтэй Батлан хамгаалах салбарыг удирдахыг үгүйсгэхгүй.


-Бидний урилгыг хүлээн авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөн Танд маш их баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

関連ニュース