Иргэдийн худалдан авах чадамжийг хадгалах, итгэл сэргээх итгэлцүүр
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын хэмжээнд 485 мянга 465 иргэн тэтгэвэр авч байна гэж Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны мэдээллийн санд мэдээлжээ.
Тэтгэвэр авагчдыг дотор нь:
- Өндөр настны тэтгэвэр,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр,
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр,
- Цэргийн тэтгэвэр гэж ангилдаг.
Гэхдээ дээрх тоон үзүүлэлтийг 2023 оны 4 дүгээр сарын байдлаар гэж тэмдэглэжээ. Түүнээс хойш 3 сар өнгөрсөн байна. Энэ өнгөрсөн хугацаанд төрөл бүрийн тэтгэвэр авагчийн тоо бага зэрэг өөрчлөгдөсөн байх болоимжтой. Улсын 2023 оны төсөв тодотгох хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Хууль 6 дугаар сард багтан батлагдаж, ирэх сарын 1-ээс мөрдөгдөнө гэж албаны хүмүүс мэдээлэл өгч байгаа.
Энэхүү
мэдээлэл тэтгэвэр авагчдыг “миний тэтгэвэр хэдэн төгрөгөөр нэмэгдэх бол" гэсэн
хүлээлтэд оруулаад байна. Зарим нь хууль гараагүй , тэтгэвэр нэмэх аргачлал
бэлэн болоогүй байхад, сайн дураараа тэтгэвэр авагчдын авдаг тэтгэвэр дээр нь
том тоо тавьж, түүнийг даган уг мэдээллийг хөөсрүүлж байна. Бодит мэдээллийг
хөөсрүүлэх нь нийгмийг хуваадаг сул талтай. Ийм байдалд хүргэхгүй байх
үүднээс хуулийн төсөл батлагдаж, тэтгэвэр нэмэх аргачлал бэлэн болтол хүлээх
хэрэгтэй байгаа юм. Хууль батлагдаж, мөрдөгдөх 7
дугаар сарын 1 болоход 2 долоо хоног үлдлээ. Тэтгэврийн энэ удаагийн нэмэгдэлд
“өндөр настны тэтгэвэр авагч” нарын авдаг мөнгөн дүнд нэлээд өөрчлөлт
орох чиг хандлагатай байгаа юм. Түүнд тэтгэврийн зөрүү арилгах нөхцөлийг авч
үзэж болно.
“Өндөр настнуудын бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2022 онд 350 мянган төгрөг байсан байдаг. Тэр үед өндөр настнуудын 50 хувь нь ийм мөнгөн дүнтэй орлогоор амьдарч байжээ. Харин 2022 онд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгосноор тэдний 70 хувь нь ийм орлогоор амьдрах болсон” гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х. Булгантуяа ярьсан байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянга болгосон үйл явдал, энэ онд тэтгэврийн зөрүүг арилгах нөхцөлийг бүрдүүлжээ.Тэтгэврийн доод хэмжээг өсгөх нь орлого багатай иргэдийн орлогыг нэмэх нэг гарц мөн.
Харин
тэтгэврийн зөрүү гэдэг ойлголт түүнээс өөр юм билээ. Тухайлбал, дунд сургуульд
2006 оноос өмнө 36 жил ажилласан багш, 2016 он хүртэл 36 жил ажилласан багш
хоёрын нийгэмд гүйцэтгэсэн үүрэг нь ижилхэн. Гэтэл энэ хоёр багшийн 2022 онд
авдаг тэтгэвэр хоорондоо 400 орчим мянган төгрөгийн зөрүүтэй болжээ. Багш нарын
тэтгэвэр тогтоолгох үеийн цалингийн зөрүү ингэж авах тэтгэвэрт нь нөлөөлсөн
байна. Энэ зөрүүг одоо арилгана.
Бүрэн арилдаггүй юм гэхэд ойртуулна. Цаг хугацаа урсан өнгөрөхөөс хамаарч
үүссэн тэтгэврийн зөрүүг арилгахын тулд улсын төсөв тодотгох хуулийн төсөлд 200
тэрбум төгрөг зоосон байна. Тэтгэврийн зөрүү арилгалтад 164 мянган иргэн хамрагдах тооцоо гарчээ.
Монгол
улсын хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас , зах зээлийн эдийн засагт
шилжсэн 1990 оноос хойш мөнгөний ханш унах /инфляц/ гэдэг зүйлтэй бид нүүр
тулсан. Мөнгөний ханш унаж байгаа үзэгдэлд нийцүүлж иргэдийн худалдан авах
чадварыг хэвийн хэмжээнд хадгалах зохицуулалтыг төр итгэлцүүрээр тэнцвэржүүлж
явах ёстой юм байна. Гэтэл мөнгөний ханш унах болсон 1990 оноос өнөөдрийг
хүртэл энэ итгэлцүүрийг 5 удаа шинэчилжээ. Харин хамгийн сүүлд 2014 онд
итгэлцүүрийг шинэчлэн тогтоож байжээ.
Ер нь мөнгөний ханшны уналтын эсрэг, иргэдийн худалдан авах чадамжийг хадгалах, итгэлийг сэргээх үүднээс энэ итгэлцүүрийг эдийн засгийн тухайн үеийн нөхцөлд уялдуулан улс орнууд хэрэглэдэг юм байна. УИХ “нийгмийн даатгалын багц /тэтгэврийн шинэчлэл/ хууль” хэлэлцэж байгаа, уг хуулийн төсөлд тэтгэвэрийн итгэлцүүрийг жил бүр авч хэрэгжүүлж байхаар тусгажээ.
Энэ удаа тэтгэврийн зөрүүг арилгаад, бүх тэтгэврийг 10 хувиар нэмнэ. Энэ нэмэгдэл бүх төрлийн тэтгэвэр авагчид хамаарна.