Энэ сард халдварын тохиолдлын тоо 90 хувь хүртэл буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-17 12:47:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар дэлхийн 86 улсад омикрон хувилбар бүртгэгдээд байна. Омикрон хувилбарын тархалт өмнөх хувилбаруудтай харьцуулахад хамгийн өндөр байгааг ДЭМБ онцолжээ.


ДЭМБ-аас вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг хориглохгүй болохоо албан ёсоор мэдэгдсэн байна.  

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэхдээ, “Манай улсын хувьд омикрон хувилбарын халдвар тархах хурд, эмчилгээний өөрчлөлт, эмчилгээ оношилгооны өөрчлөлт, давтан өвчлөх байдал гэх мэтийг анхааралтай ажиглан бэлтгэлээ базааж байна. Дэлхийн олон орон 1-2 сарын дараа дельта болон омикроны зэрэгцсэн давлагаанд өртөх эрсдэлтэй байгаа. Хоёр хувилбараар зэрэг халдварлаж өвдөх тохиолдол бүртгэгдэж байна. 

Омикрон хувилбар уушгины эд эсэд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстын эсэд нэвтэрч, олшрон үрэвсэл үүсгэж байгаа талаар судалгаа гарсан. Амьсгалын дээд замтай холбоотой нус гоожих, найтаалгах, ханиах, хоолой өвдөх, цагаан мөгөөрсөн хоолой үрэвсэх, ядрах, толгой өвдөх шинж тэмдэг давамгайлж байна. Омикроны шинж тэмдгийг хөнгөн гэж үзэж болохгүй. Улс орнууд омикроноос хамгаалах гол зэвсгийг дархлаа сэргээх нэмэлт тун гэж үзэж байгаа” хэмээв.


Манай улсад иргэдийн 80 орчим хувь нь “Синофарм”-ын хоёр тунтай бөгөөд “Файзер” болон “Синофарм”-ын ижил тунгаар нэмэлт тунг хийхэд халдвараас сэргийлэх үр дүнтэй байгааг судалгаагаар тогтоожээ.

Зорилтот бүлгийн гуравдугаар тунгийн хамрагдалт Улаанбаатар хотод 44.2 хувь, улсын хэмжээнд 44.1 хувьд хүрчээ. Нийт хүн амын 26 хувь нь нэмэлт тунг хийлгээд байна. Нэмэлт тунгийн хамралт сайжирсан нь 9, 10 дугаар сарынхтай харьцуулахад 12 дугаар сарын эхний хоёр долоо хоногт тохиолдлын тоо 90 хувь хүртэл буурсан нь нэмэлт тун үр дүнтэйг харуулж байгааг тэрбээр тодотгов.

Омикрон хувилбарын хүчтэй давалгаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулахад  анхаарч байна. Одоохондоо дотоодод халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн хилийн хяналтаа сайн тавина. Тиймээс иргэдээ онцын шаардлагагүй бол гэр бүл, улс орноо эрсдэлд оруулахаас сэргийлж гадагшаа зорчихгүй байхыг тэрбээр уриаллаа.  

 

関連ニュース