УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш хийх боломжгүй хэмээн Ерөнхийлөгчид ханджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-04 15:11:30

АН-ын зүгээс УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш хуралдуулахгүй  байх талаар Ерөнхийлөгч болон Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэв.

УИХ-ын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг зарлахдаа УИХ-ын сонгуульд суудал авсан намуудтай зөвшилцөх ёстой. Гэвч зөвшилцөх ажил өнөөг хийгээгүй байгаа тул маргааш анхдугаар чуулган хийх нь зохимжгүй хэмээн үзэн Үндсэн хуулийн цэц болон Ерөнхийлөгчид хандсан гэв.

Тэрбээр, Сонгуультай холбоотой 4 төрлийн зөрчлийг нягтлах хэрэгтэй. Үүнд:

Нэгдүгээрт, 7 хоногийн өмнө МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар төрийн албан тушаалыг зарж, 60 тэрбум төгрөг босгох замаар УИХ-ын сонгуульд оролцох тухай бичлэгийг хуулийн байгууллагад өгсөн. Гэвч шалгасангүй. Энэ бол сонгуультай шууд холбогдож байгаа үйл явдал тул нэн даруй шалгах ёстой.

Хоёрдугаарт, Хан-Уул дүүргийн 55 дугаар хороонд саналын хуудас илүү гарсан. Өөрөөр хэлбэл, Хар машинд уншсан саналын хуудсын тоо 623 байна. Гэтэл хар машинаас гаргаж ирж саналын хуудас тоолоход 720 болсон байв. Үүн дээр явуулын хайрцгаар авсан саналын тоог нэмэхэд 234 саналаар зөрж байгааг шалгах.

Гуравдугаарт, санал авах өдөр Баян-Өлгий, Баянхонгор, Хэнтий зэрэг аймагт саналын хуудас дууссан. Гэтэл эдгээр аймагт канондсон буюу хувилсан хуудсаар санал авсан байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 99.3, 84.10, 84.14 заалтыг зөрчсөн. Тиймээс хувилсан саналын хуудсуудыг хасч тооцох ёстой.

Дөрөвдүгээрт, Сонгуулийн өмнөхөн Баянхонгор, Хөвсгөл, Увс аймагт 18 мянган сонгогч шилжиж очжээ. Хуулийн дагуу бол иргэн шилжиж бүртгүүлэхдээ өөрийн биеэр очих ёстой. Гэтэл эдгээр ийг итгэмжлэхээр бүртгэсэн нь хууль зөрчиж байна” гэлээ.

Түүнчлэн, “Дээрх зөрчлүүдийг СЕХ, УБСГ, хуулийн байгууллагууд нягтлан шалгах хэрэгтэй. Үүний дараа сонгогдсон гишүүдийг тангарга өргүүлэх нь зөв. Бид шударга сонгуулийг эсэргүүцэхгүй. Монголын ард түмний саналыг хүндэтгэнэ. Гэхдээ Монголын төр хуулийн дагуу байгуулагдах хэрэгтэй. МАН-ынхан олон хууль зөрччихөөд гишүүн болно гэх нь тохиромжгүй.

Сонгуульд хэн хэний төлөө санал өгсөн нь нууц, бусад нь ил байх ёстой. Гэтэл СЕХ Хан-Уул дүүргээс бусад дүүргийн саналын хариуг надад өгсөнгүй. Тиймээс одоо Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, зөрчлүүдийг шалгах талаар хуулийн байгууллагуудад үүрэг өгнө” хэмээв.

Мэдээлэл хийснийхээ дараа УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгөв.

-Наадам, АСЕМ гээд чухал  үйл ажиллагаанууд удахгүй болох гэж байна. Ийм үед төрийн ажил ингэж удаашрах нь улсын эрх ашигт хэр нийцэх бэ?

-Төр байгуулахыг бид эсэргүүцээгүй. Ном журмын дагуу байгуулах гэж байгаа юм. Бид АСЕМ-аас болж хууль зөрчиж, төрөө байгуулж болохгүй. Хууль бусаар төр байгуулах аюул байгаа учраас анхааруулж байгаа юм.

-Энэ шаардлагыг биелүүлэхгүйгээр анхдугаар чуулган хуралдах боломжтой юу?

-Ер нь бол Үндсэн хуулийн хуулийн цэц ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох байх гэж найдаж байна.

-Хар машинд илүү санал оруулах ажлыг хэн хийх боломжтой вэ. АН-ын зүгээс энэ асуудалд хэнийг хардаж байна?

-Улсын бүртгэлийнхэн энэ ажлыг хариуцаж хийсэн. Тиймээс Улсын бүртгэлийнхнийг хардаж байна.

-Хуулбарласан цаасаар санал өгсөн нь СЕХ-ны буруу гэсэн үг үү?

-СЕХ-ны буруу. Яагаад гэвэл бүх тойрогт сонгогчдын 90 хувьтай тэнцэх саналын хуудсыг  хүргүүлсэн гэж СЕХ бидэнд мэдэгдсэн. Гэтэл  аль ч тойрог дээр 100 хувийн ирц бүрдээгүй байтал саналын хуудас  дутах учиргүй. Тэгэхээр СЕХ тойргуудад хэдэн саналын хуудас хүргүүлснийг шалгах шаардлага үүсч байна.

-Хуулбарласан саналын хуудсаар санал өгч болохгүй, хуулиа зөрчинө гэдэг мэдэгдлээ яагаад санал хураалтын өдөр хийгээгүй юм бэ?

-СЕХ  хуулийнхаа энэ заалтыг мэдэж байгаа. Мэдэж байж хууль зөрчсөн байна. Төрийн байгууллагууд хуулийнхаа дагуу сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах учиртай. Хууль зөрчиж, нэг намын хүчээр олонхи болох ёсгүй.

-АН нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авсан бэ?

-Нийт сонгогчдын 45 хувийн саналыг авсан байна.

-АН-аас хүргүүлж буй шаардлагын хүрээнд  ямар өөрчлөлтүүд явагдах бэ?

-Царцаа буюу сонгогч шилжиж очсон газруудад зайлшгүй дахин санал хураалт явуулах ёстой. Улаанбаатар хотын Вива Сити хорооллынхон Баянхонгорт, Хурдын байрныхан  Увс аймагт очоод, сонгогчдын саналыг өөрчлөөд байж болохгүй.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

関連ニュース