Израилд шашны баярын үеэр 40 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-30 10:34:00

ТЕЛЬ-АВИВ. /RIA Novosti/. Израилын хойд нутагт “Лаг ба-Омер” хэмээх шашны баярын үеэр индэр нурсны улмаас 44 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж “The Jerusalem Post” сонин мэдээлжээ.


Эмгэнэлт явдал Израилын хойд нутгийн Цфат хотын ойролцоо оршдог Мерон уулын бэлд болсон байна. Энд 100 мянга гаруй мөргөлчин цуглажээ. “The Times of Israel” сонинд мэдээлж буйгаар, хүмүүсийн зарим нь индэр нурсны дараа шахцалдаан болсноос бэртэж эсвэл амиа алдсан байж болзошгүй байна.


Өмнө нь “Haaretz” сонин 38 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртсэний зургаагийнх нь биеийн байдал хүнд байна гэж мэдээлж байв.


Гэмтэж бэртсэн хүмүүсийг болон амиа алдагсдын цогцсыг тээвэрлэх ажилд Израилын армийн алба хаагчид оролцож байгаа аж. 


“Лаг ба-Омер” баярын үеэр түүдэг асаадаг заншилтай бөгөөд хамгийн том ёслол нь Мерон ууланд болж, христийн шашны гурван гол урсгалын нэг болох үнэн алдартны шашныг /ортодокс/ шүтдэг хэдэн арван мянган хүн оролцдог байна.


関連ニュース