Цасан шуургатай 11 дүгээр сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-11-03 12:00:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 11 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


Баруун аймгуудын нутгаар: Алтай, Хангайн уулархаг нутгаар ОЖД-аас 1.5-2 хэм хүйтэн, бусад нутгаар ОЖД орчим байна. Харин цас, бороо (хур тунадас) Алтайн уулархаг нутгаар ОЖД-аас ахиу,  Алтайн өвөр говиор ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД орчим байна. Сарын 1 дүгээр 10 хоногийн дунд үе, 2 дугаар 10 хоногийн эхээр агаарын дулаан (температур) өмнөх үеэсээ 5-10 хэмээр хүйтэрнэ. 3 дугаар 10 хоногт ихэнх нутгаар эргээд бага зэрэг дулаарна гэжээ. Түүнээс гадна 1 дүгээр 10 хоногийн дунд үе, 2 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй аж.

Төвийн аймгуудын нутгаар: Орхон-Сэлэнгийн сав газар болон төвийн нутгийн хойд хэсгээр ОЖД-аас 1,5-2 хэм хүйтэн, бусад нутгаар тэр орчим байна. Цас (хур тунадас) ОЖД орчим. Харин 1 дүгээр 10 хоногийн дунд үе, 2 дугаар 10 хоногийн эхээр агаарын дулаан өмнөх үеэсээ 5-10 хэмээр хүйтэрнэ. Мөн энэ өдрүүдэд ихэнх нутгаар цас орно. Гэхдээ 3 дугаар 10 хоногт эргээд бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр ОЖД-аас бага зэрэг, бусад нутгаар ОЖД орчим байх төлөвтэй . Харин 1 дүгээр 10 хоногийн дунд 2 дугаар 10 хоногийн эхээр агаарын дулаан өмнөх үеэсээ 5-10 хэм хүйтэрнэ. Мөн энэ өдрүүдэд ихэнх нутгаар цас орно.  Эргээд 3 дугаар 10 хоногтоо  бага зэрэг дулаарна гэжээ.

Говийн аймгуудын нутгаар: Нийт нутгаар агаарын дулаан ОЖД орчим байна. Харин цас нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөвтэй. Агаарын дулаан 1 дүгээр 10 хоногийн дунд үе, 2 дугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар өмнөх үеэсээ 3-5 хэм сэрүүснэ. Мөн энэ өдрүүдэд ихэнх нутгаар цас орно.


Салхи нийт нутгаар 1 дүгээр 10 хоногийн дунд, хоёр дугаар 10 хоногийн эхээр зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй. Харин ихэнх хугацаанд салхи 5-10 м/с байдаг гэж  цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнд онцолжээ.


Монгол улсын нутаг дэвсгэрийг дээрх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг.Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж тайлбарлажээ.  

Цаг агаарын урьдчилсан тойм мэдээлэлд заавал дурдагдаг зарим нэг нэр томьёоны тайлбарыг одоо хүргэе.

Олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь дэлхийн цаг уурын байгууллагын тодорхойлсноор өнөөдрийн байдлаар 1981-2010 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг илэрхийлдэг.


Арваннэгдүгээр сард агаарын дундаж дулаан ОЖД-аар Баян-Өлгий, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун болон хойд, Баянхонгорын хойд хэсгээр -16…-20 хэм, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь Дорноговь аймгуудын өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -2...-8 хэм, бусад нутгаар -9...-15 хэм хүйтэн байдаг байна. Зарим жил энэ утгаас нилээн хазайдаг. Тухайлбал 1988, 1994, 1995, 2008, 2010, 2013 онуудад ихэнх нутгаар ОЖД-аас 1.0-3.0 хэмээр дулаан, өдрийн үнэмлэхүй их дулаан говийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүрч дулаарсан байна. Харин 1981, 1986, 1993, 1996, 2000, 2009 онуудад ихэнх нутгаар ОЖД-аас 1.0-6.0 хэмээр хүйтэн байсан аж. Харин 2000 онд үнэмлэхүй бага дулаан Завхан, Баянхонгор, Архангайн хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 35-40 хэм, бусад нутгаар 28-33 хэм хүрч хүйтэрч байжээ. Цас ур тунадасОЖД-аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Орхон- Сэлэнгийн сав болон Дорнодын тал нутгаар 6-12 мм, Алтайн уулархаг нутаг болон Дундговийн өмнөд хэсгээр 0-2 мм, бусад нутгаар 2-4 мм хур тунадас ордог байна. Гэвч 1987, 1990, 2003, 2012 онуудад төв болон зүүн зүгийн нутгаар, 2009 онд нутгийн баруун хагаст ОЖД-аас 1-3 дахин их цас орсон. Гэтэл 1988, 1995, 2005-2008, 2014, 2018 онд ихэнх нутгаар дунджаас бага цас орсон байх жишээтэй .  


ОЖД болоод цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулахад нэг үг олон дахин давтагдах юм. Тэр бол “ихэнх нутгаар” гэх нэр томьёо.Тухайн байгаль цаг агаарын үзэгдэл тухайн бүс, аймгийн нутаг дэвсгэрийн 70 хувь хамрагдахаар байвал “ихэнх нутгаар” гэсэн нэр томьёог хэрэглэдэг аж. Харин зарим нутгаар гэвэл тухайн аймаг бүс нутгийн 30 хувь нь хамрагддаг байх жишээтэй. Энэ сар (11 дүгээр)-ын 1, 2 дугаар 10 хоногт ихэнх нутаг (70 хувь)-аар цас орж, шуурах төлөвтэй гэж цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнд анхааруулсан байна.

関連ニュース