Хөл хорионоос залхсан Европ тив
ТОЙМ
Өнгөрсөн хаврынх шиг бүх нийтийг
хамарсан хөл хорио тогтоохгүйгээр ирэх өвлийг даван туулж, цар тахлын хоёрдахь
давалгаанд цохиулахгүйн тулд Европ тивийнхэн бэлтгэлээ базаасаар. Хаврын хөл
хорио тус тивийн нийгэм-эдийн засагт маш хүнд туссан учраас иргэдийг бүрэн
тусгаарлахгүйгээр коронавирустэй зэрэгцэн амьдрах нь зүйтэй гэдгийг нотлохын
тулд улстөрчид янз бүрийн шалтгаан үндэслэлийг дурдаж байна.
Өнгөрсөн зун хөл хориог цуцлах
үед халдвар авсан хүмүүсийн тоо өссөн бол одоо нас баралтын тоо, олноороо эмнэлэгт
хүргэгдэх тохиолдол огцом нэмэгдэх нь зогсчээ. Хүмүүс хөл хорионоос үнэхээр
залхаж, тусгаарлалтын арга хэмжээг эсэргүүцэгчдийн тоо өссөөр. Бизнес
эрхлэгчид, ард иргэд ба төр засгийн орлого буурч, “хиймэл ком”-д орсон эдийн
засгийг сэргээхийн тулд гаргаж буй зардлыг хүчрэхийн аргагүй болжээ.
Энэ мэт нөхцөл байдал нь ирэх
өвлийг хөл хориогүйгээр өнгөрөөх нь гэсэн найдлагыг европчуудад төрүүллээ. Ялангуяа эрүүл мэндийн
салбар, иргэд, бизнес эрхлэгчид бүгд “коронавирустэй цуг амьдрахад” аажмаар
дасан зохицож, амны хаалтаа зүүж, хоорондын зайгаа барьж, гэрээсээ ажлаа
хийцгээж байна. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй италичууд, испаничууд хүртэл аажуу
дөлгөөн скандинавчуудын адилаар дүрэм журмаа мөрдөж, цар тахлын хоёрдахь давалгааг
давж гарахын тулд Шведийн жишээгээр дэлгүүр, кафе, оффис, хил гаалиа хаалгүй
ажиллуулсаар.
Карантин тогтоохын эсрэг байр
сууриа Европын хамгийн нөлөө бүхий улстөрчид болох канцлер А.Меркель,
ерөнхийлөгч Э.Макрон нар аль хэдийнэ илэрхийлжээ.
“Хөл хорио нь маш их сөрөг
нөлөөтэй учраас улс орны амьдралыг зогсоох эрх бидэнд байхгүй, тэгээд ч нийгэмд
учрах эрсдэлийг 0 болгоно
гэдэг бол боломжгүй зүйл” гэж Э.Макрон Paris Match сэтгүүлд ярилцлага өгөхдөө
хэлсэн байна.
Брегансон цайзад Макронтой уулзсаныхаа дараа канцлер Меркель хэлэхдээ “дэлхий дээрх улс төр-эдийн засаг, худалдааны хамгийн том холбооны 450 сая оршин суугчийг бие биенээсээ тусгаарлагдахад хүргэсэн хаврын хар дарсан зүүд мэт зүйл эргэн давтагдахыг Европын Холбооныхноос /ЕХ/ хэн нь ч хүсэхгүй байгаа” гэжээ. “Хил гаалиа дахин хаахгүйн тулд улстөрчид бид бүхий л боломжоороо хичээж байна. Үүний тулд бид хамтран ажиллах хэрэгтэй” гэдгийг тэрбээр онцлон дурдлаа.
Коронавирусний цар тахлын улмаас
ЕХ-ны 27 улс Шенгений бүсээ хааж, дэлхийгээс тусгаарлагдсан төдийгүй хоорондын
хил дээрээ хүртэл хаалт
хашилт тавьжээ. Сүүлийн хэдэн арван жилд ийм тохиолдол гарсан эсэхийг огт
санахгүй байна.
Хүмүүс албан томилолт, амралт зугаалгаар зорчихоо больж, 14 их наяд еврогийн багтаамжтай /АНУ-ын дараа орох/ ЕХ-ны эдийн засаг энэ онд 8 хувиар агшиж, 1 их наяд еврогийн алдагдалд оржээ. 2 дугаар сараас 6 дугаар сар хүртэл үргэлжилсэн цар тахлын эхний давалгааны үед үйлчилгээний салбарын орлого 16,4 хувиар буурсан бол аялал жуулчлалын салбар шууд 75 хувиар уналаа.
Харин зуны дундуур зоогийн
газруудын үйл ажиллагаа бага зэрэг идэвхижсэн боловч эргэлт нь ердөө 50 хувиар
л сэргэжээ. Агаарын тээврийн салбар ба зочид буудлууд гүнзгий хямралд орж,
орлого нь ковидын өмнөх үеэс 70 хувиар буурсан байна.
Хөл хориогүйгээр амьдрах нь
Ийм байдлаар бол цаашдаа бизнесийн
салбар цар тахлын хоёрдахь давалгааг тэсэн гарч чадахгүй, тэр ч бүү хэл
давалгаа дэгдэхээс өмнө ч дампуурч магадгүй.
Хагас жил завсарласны эцэст
сурагч оюутнууд анги танхимдаа эргэн ирж буй энэ үед цар тахлын хоёрдахь
давалгаа дэгдэнэ гэсэн болгоомжлол Европт газар авч байна. Харин Италийн Эрүүл
мэндийн сайд Роберто Сперанца Блүүмбэрг агентлагт ярилцлага өгөхдөө “манай
улсад нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй” гэлээ. Учир нь, эмнэлгүүд
бэлтгэлээ сайтар хангаж, шинжилгээг богино хугацаанд хийж байгаагаас гадна
сэхээн амьдруулах тасгуудад 66 өвчтөн эмчлүүлж байна. Гэтэл өнгөрсөн хавар цар
тахал ид дэгдэж байх үед 4068 хүн эмчлүүлж байсан аж.
Германы Эрүүл мэндийн сайдын ярьснаар,
тус улс энэ намар, ирэх өвлийн улиралд нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй
бөгөөд учир нь, өнгөрсөн хагас жилийн хугацаанд Германы эмч нар, албаны хүмүүс “тасралтгүй
бөмбөгдөх”-ийн оронд өвчний голомтуудыг илрүүлэн тусгаарлаж чаддаг болжээ.
Вирустэй зэрэгцэн амьдарч сурах
нь
Үхлийн аюултай вирусийн талаар
анх төрсөн айдас алгуур холдож, цар тахлаас үүдэлтэй нийгэм-эдийн засгийн
хямралын сөрөг нөлөө нүдэнд улам ил болох тусам өвчний эхний саруудад эрх
баригчдын хэрэгжүүлсэн тактикийг буруушаан шүүмжлэх нь газар авч байна. Үүнийг
дагаад сонгогчид дээрээ туршилт хийх гэсэн улстөрчдийн хүсэл ч замхарч байх
шиг.
“3 ба 4 дүгээр сард аргагүйн
эрхэнд авсантай адил хатуу арга хэмжээнээс аль болохоор зайлсхийх ёстой. Ийм
арга хэмжээ нь нийгэм-эдийн засгийн үүднээс тэсвэрлэхийн аргагүй зүйл мөн” гэж
Португалын Ерөнхий сайд Антониу Кошта хэлжээ.
Германы Эрүүл мэндийн сайд
Шпан ярихдаа “3 дугаар сард нөхцөл байдал одоогийнхоос эрс өөр байсан. Вирусийн
талаарх бидний мэддэг зүйл тун бага байсан, цар тахлын цар хүрээ ч өөр
байв. Тэр үед хүмүүсээ хамгаалахын тулд цорын ганц зөв шийдвэрийг бид гаргасан”
гэлээ.
Өнгөрсөн хугацаанд эмч нар Covid-19-ээр өвчилсөн хүмүүсийг
илүү үр дүнтэйгээр эмчлэх аргыг олж, эрдэмтэд хэд хэдэн төрлийн вакцин гарган
авч, туршиж байгаа бол эрх баригчид эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, ахмад
настнуудын асрамжийн газруудад дэгдсэн халдварыг зогсоож, иргэдийг олноор нь
шинжилгээнд хамруулж, өвчтнүүдийн хавьтлуудыг илрүүлж, хэсэгчилсэн байдлаар хорио тогтоож байна.
Ази, Европт нас баралт эрс буурч,
100 жилийн өмнөх “испани томуу”, Дундад зууны үеийн Европт дэгдсэн тахал дахин
нөмрөх вий гэсэн айдас түгшүүр алга болов.
Ийм учраас хэвийн амьдралдаа эргэн орох цаг нэгэнт болжээ, вирустэй хийж буй тэмцэл нь вирусээс илүү хохирол учруулж байна гэж үзэж буй хүмүүс Европ даяар үймээн бужигнаан дэгдээлээ. Тэдний дотроос германчууд хамгийн ихээр дуулиан шуугиан тарьж байгаа юм.
Үүний хариуд эрх баригчид ямар
шийдвэр гаргасан бэ? Бүх зүйлд цаг хугацаа гэж бий, эдийн засгаа сэргээе,
хүүхдүүдээ сургуульд нь явуулъя, хүмүүсээ ажилд нь оруулъя. Үүний тулд амны
хаалтаа зүүж, бөөнөөрөө нэг дор цугларахаас татгалзая, үүнийг зөрчсөн хүмүүсийг
торгоно гэж тэд хариулж байна.
Германы канцлер Меркель “бид энэ
вирустэй удаан хугацаанд зэрэгцэн амьдрах бололтой. Зунтай харьцуулахад намар
өвлийн цагт халдварыг тогтоон барих нь илүү хүндрэлтэй” гэдгийг сануулан хэллээ.
Дүрэм журам, торгуулийг чангатгах шийдвэрээ тэрбээр тайлбарлахдаа “асуудал
урьдын адил түвэгтэй хэвээр байгаа учраас түүнд нухацтай хандах нь зүйтэй” гэж
уриалжээ.
Харин Австрийн Канцлер Себастьян
Курц “ирэх зунаас нааш амьдрал хэвийн горимд шилжихгүй, нөхцөл байдлыг ажвал
тэр үед л байдал хэвийн болох магадгүй байна” гэдгийг дурдсаны зэрэгцээ ариун
цэвэр, эрүүл ахуйн зарим шаардлагуудыг энэ долоо хоногоос эхлэн чангатгаж
магадгүй гэдгийг санууллаа.
Ерөнхийлөгч Э.Макрон канцлер С.Курцын хэлснийг дэмжээд "вирусээс болж өвлийн аялал жуулчлалын дахиад нэг улирлыг алдмааргүй байна" гэлээ. Учир нь, Франц улс Австрийн нэгэн адилаар уулын цанын баазуудаараа алдартай юм.
Францын Ерөнхийлөгч цааш нь
хэлэхдээ “бидний гол зорилт бол хүмүүсийг ажилд нь буцаан оруулах явдал, дахиад
хөл хорио тогтоохгүйн төлөө, тэр тусмаа үндэсний хэмжээний карантинаас
зайлсхийхийн тулд бүхий л хүчин чармайлтаа чиглүүлж байна. Ямар нэгэн зүйлийг
огт тохиолдохгүй гэж үгүйсгэж болохгүй гэдгийг бид амьдралынхаа туршлагаараа
мэдэрсэн. Гэхдээ ийм зүйл тохиолдохгүйн тулд бид боломжтой бүхнийг хийнэ” гэлээ.
Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС