Хархорум хотын түүхэн ойг тэмдэглэх шийдвэрийг цуцлаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Чингис хаан 1220 онд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумыг байгуулах зарлиг буулгаснаас хойш найман зуун өнгөрчээ. Тодруулбал, энэ онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг өнөө үе, хойч ирээдүй, дэлхий дахинд мэдүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлж байгаа учир ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, сурталчлах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, “Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах хороо”-г Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан байгуулаад байна
Мөн Хархорум нь тухайн
үедээ Ази,
Европын улс төр, эдийн засаг, соёл, худалдаа,
үйлдвэрлэлийн салбарт чухал үүрэг гүйцэтгэсэн, Олон улсын соёл
иргэншлийг холбогч хот байсны хувьд дэлхий нийтээр ач холбогдол өгөх ёстой
хэмээн үзэж, ЮНЕСКО-д хүсэлт хүргүүлсэн юм. Тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн 206 дугаар чуулган, Ерөнхий бага
хурлын 40 дүгээр чуулганаар ойг хамтран тэмдэглэх шийдвэрийг гаргажээ.
Олон улсад Монгол судлалын төв, Элчин сайдын яамаар дамжуулан Хархорум хотын 800 жилийн ойг сурталчилсан хурал, үзэсгэлэнг зохион байгуулах ажлыг эхлүүлж, Итали, Япон улсад үзэсгэлэнгийн нээлтийг хийгээд байна. Энэхүү тэмдэглэлт ажлын түүчээ болгож, МУИС-ийн Археологи-антропологийн тэнхимийн профессор, доктор У.Эрдэнэбат “Монголын эртний нийслэл Хархорум” судалгааны бүтээлээ уншигчдын хүртээл болгосон агаад Хархорум хот бол XIII зууны дэлхийн соёл иргэншил, худалдаа арилжааны томоохон төв байсныг түүх, археологийн баримт, судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан гаргажээ. Эл бүтээлийг англи хэлээр орчуулж, гадаад ертөнцөд түгээхээр төлөвлөж байна.
Ойн хүрээнд хурал, уулзалт, үзэсгэлэн, уран бүтээлийн олон ажлыг төлөвлөсөн байсан ч “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа аж. Гэсэн ч Засгийн газраас гаргасан шийдвэр цуцлаагүй байгаа ба Хархорин сумын удирдлагуудын зүгээс Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүхт 800 жилийн ойг энэ жил тэмдэглэж чадахгүй ч ирэх жил албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлье гэсэн саналыг уламжлаад байгаа юм.
Хархорум Олон улсын харилцааны зангилаа хот байв
Цэрэг зэвсгийн агуулахын суурин шинжтэй байсан Хархорумыг Их Монгол Улсын нийслэл болгох зарлигийг Чингис хаан гаргасан боловч цогцлоон байгуулсан нь Өгөдэй хаан болохыг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Өгөдэй хаан ор суусны 7 дугаар он /1235 он/ буюу хөхөгчин хонин жилийн хавар Хархорумыг Орхон голын зүүн хөвөөнд /одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин сум/ босгон байгуулж, улмаар Түмэн амгалант ордныг цогцлоосноор хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийг илэрхийлэхүйц хот болсон байна. Түүнээс хойш Хархорум нь Хубилайг их хаан суух хүртэл Монгол гүрний нийслэл байсан ба дэлхийн олон орны хүн оршин суудаг, худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв бүхий Олон Улсын харилцааны зангилаа хот байв.
Хархорум хот эргэн тойрон хүрээлсэн шавар хэрэмтэй, дөрвөн
талдаа хаалгатай, зүүн хаалган дээр шар будаа болон бусад үр тариа, баруун
хаалган дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр тэрэг, умард хаалган дээр морь
унаа худалддаг байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.
Бат бэх хэрэмний дотор талд “Түмэн Амгалант” хэмээх алт эрдэнэс, шүр сувдаар чимэглэсэн хаант төрийн их ордон сүндэрлэх агаад хот хойноос урагш, баруунаас зүүн тийш нэвт гарсан томоохон гудамжтай, тэдгээр нь төв дундаа огтлолцож, хотыг дөрвөн тойрогт хуваадаг байсан аж.
Хотыг барихад Лю Мин гэдэг хятад уран барилгачин ерөнхийлөн удирдаж, газар газрын уран барилгачид оролцсон байна. Монгол хаад Хархорумаа хөл ихтэй, хөгжил сайтай томоохон хот болгох гэж нилээд чармайж байсныг өрнө, дорнын хосломол хэв шинжийг агуулсан гоёмсог орд харш, сүм хийд, барилга байшингаас харж болох бөгөөд тухайн үеийн шилдэг уран дархчуудын бүтээсэн нэгэн томоохон бүтээл бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон түмэнд шагшигдаж байсан Мөнгөн мод болно. Алтаар шарсан мөнгөн модноос дарс, айраг, балын ундаа, шар айраг олгойдон урсдаг байсан гэдэг. Монголчууд эртнээс тансаг амттай, шимт ундааны өндөр соёлтой байсныг энэ түүх өгүүлнэ.
1260 онд Хубилай Шандү хотод хаан ширээнд сууж, улмаар 1264 онд Алтан улсын нийслэл байсан Яньцзин хотыг Чжунду хэмээн нэрлээд, 1266 онд тус хотын зүүн хойно шинэ нийслэл Дайдү хотыг байгуулах зарлиг буулгав. Шинээр байгуулсан хотоо 1271 онд улсын нийслэл болгон тунхагласнаар Хархорум хот улсын нийслэл байхаа больсон ба 1380 онд Хятадын Мин улсын цэрэг Хархорум хотыг довтолж, эвдэн сүйтгэсний улмаас тус хот эзгүйрэн орхигдох эхлэл тавигдсан хэмээн зарим судлаач үздэг.
Хархорум
хотын оршиж байсан газрыг олж тогтоох олон жилийн эрэл хайгуул, судалгааны үр
дүнд 1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцевийн удирдсан шинжилгээний анги анх
олж тогтоосон бөгөөд Хархорум хотын туурьт анхны малтлага судалгааг 1933-1934
онд оросын эрдэмтэн Д.Д.Букинич хийсэн байна. 1948-1949 онд С.В.Киселев,
Х.Пэрлээ нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги
Хархорумын дэвсгэрт өргөн хэмжээний малтлага хийж, судалгааны үр дүнд Монголын
эртний нийслэл хотын амьдрал эрчимтэй үргэлжилж, хөгжиж байсныг гэрчлэх олдвор
баримт их хэмжээгээр олжээ. 1976-1980 онд Н.Сэр-Оджав ахлагчтай Хархорум хотыг
судлах анги тус хотын дэвсгэр зургийг бие даан үйлдэж, хотын булш оршуулгыг
шинжлэн судалсан байна. Монгол-Германы хамтарсан Хархорум экспедиц сүүлийн 20-иод жилд
Хархорум хот орчимд малтлага, судалгаа хийж, Хархорум хотын туурьт хийсэн шинжилгээ судалгаа, археологийн
малтлагын үр дүнд олдсон маш олон үнэт олдвор, эд өлгийн зүйлийг
сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлахаар 2011 онд Хархорум музейг эртний нийслэл оршин байсан газар нь Япон
Улсын соёлын буцалтгүй тусламжаар байгуулж, олон нийтэд үзэх боломжийг
олгосон билээ.