Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт Уушгийн өврийн буган чулуун цогцолбор байдаг. Тус цогцолбор дунд оройдоо ээмэг зүүсэн хүний толгойг урнаар сийлсэн буган чулуу нэн содон аж.
260 орчим см өндөр энэ хөшөөг 5 бугаар ороон гоёж ханан хээтэй
бүс татан буган чулуунд элбэг байдаг сүх хутга урлажээ. Мөн хөшөөний ард бүснээс дээгүүр бамбай, 3 жижиг
буга дүрсэлсэн, харин баруун талд нь нэг буга, аргамжаатай морь, зүүн талд нь 3
жижиг буга сийлжээ.

Тус цогцолборын хөшөөнүүд хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагариган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг. Эндхийн буган хөшөөд Монгол-Өвөр Байгалийн хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаардаг аж. Хөшөөдийн хамгийн намхан нь 133 см, хамгийн өндөр нь 375 см хэмжээтэй ба хөшөөдийг цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ. Хөшөөний сийлбэр харилцан адилгүй хадгалагдсан. Буган хөшөө бүхий цогцолбор дурсгалт газрыг БСШУСЯ, ЮНЕСКО-ийн МҮК, Байгаль соёлын өвийг хамгаалах сан төрийн бус байгууллага, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн Хөвсгөл аймагтай хамтран Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх урьдчилсан судалгааны ажлыг 2018 оноос эхлэн хийж байгаа ажээ.