"Гэрэлтүүл" аяны хоёр дахь тоглолт архигүй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-22 18:40:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас  “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд “Залуучуудын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтот аяныг эхлүүлсэн байна.

Энэ аяны онцлог нь соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус газар   “Цацрах эгшиг” ТББ-тай  хамтран “Гэрэлтүүл” аяныг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү аяны хоёр дахь амьд хөгжмийн тоглолтыг өнөөдөр “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгуулж, “Something's Brewing”, “Even Tide”, “After Taste”, “Silhouette Tuesday”, “The Vintage” хамтлагууд оролцоно.

“Гэрэлтүүл” аяны  нээлтийг “Бодитоор мэдэрье, эергээр харъя” уриатайгаар өнгөрсөн оны долдугаар сарын 28-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд зохион байгуулж, нийт 300-аад залуучууд оролцжээ. Залуусын сонирхлыг татсан энэ тоглолтод поп, метал, алтерьнатив, панк болон рок  урсгалын шинэ залуу найман хамтлаг оролцоод байна. Цаашид дуу, хөгжим сонирхогч залуучуудыг дэмжих чиглэлээр олон талт ажил хэрэгжүүлнэ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. Эдгээр тоглолтыг архигүй хийж хэвших нь гол зорилт юм гэдгийг ч бас тэмдэглэн хэлж байна.

関連ニュース