Ж.Нарантунгалаг Дэлхийн аваргын бүсний төлөө дахин тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Холимог тулааны "One сhampionship", "Legend FC" холбооны дэлхийн аварга асан, Монгол улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг “Дэлхийн аварга” цолоо эргүүлэн авахын төлөө ирэх дөрөвдүгээр сарын 12-нд Филиппин улсын Манила хотноо дахин тулалдана.
Тэрбээр дэлхийн аваргын бүсний төлөө Вьетнамын тулаанч Мартин Нгуентай өрсөлдөнө. Тэрбээр 29 настай, 173 см өндөр бөгөөд бөгөөд мэргэжлийн дэвжээнд 14 тулалдахдаа 11-д нь ялжээ.
Харин манай тамирчин 43 настай бөгөөд 18 тулалдаж 14-д ялалт байгуулсан юм. “Чингисийн цавчилт” хэмээх нэрээр тулааны спортын ертөнцөд алдаршсан Ж.Нарантунгалаг 2015 онд “One championship” холбооны аваргын төлөө Японы тамирчин Коши Ойшийг ялж, дэлхийн аварга болж байлаа.
Тулаанч Ж.Нарантунгалаг 2015 онд "Кобра" хочит, ОХУ-ын тулаанч Марат Гафуровт ялагдан, аваргын бүсээ алдсан. Дэлхийн аварга цолоо эргүүлэн авахын төлөө гурван жилийн өмнө түүнтэй дахин тулалдсан ч дахин ялагдсан билээ.