Н.Энхбаяртай холбоотой асуудлаар АТГ хууль зөрчсөн гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян АТГ-ыг хууль зөрчсөн хэмээн үзэж, өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох асуудал яригдах үеэр түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж өгнө үү гэсэн хүсэлтийг Засгийн газраас АТГ-т хүргүүлсэн. Уг хүсэлтэд АТГ “Ялын хугацаа дуусаагүй учир Шадар сайдын албанд томилох боломжгүй” гэсэн хариу өгсөн юм. Энэхүү мэдэгдэл нь хууль зөрчсөн явдал гэж Э.Эрдэнэжамъян мэдэгдлээ.
Тэрбээр “Н.Энхбаярыг томилох асуудалд УИХ-аас бус ЗГХЭГ-аас бичиг явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл. Түүнд нь хариу явуулсан АТГ ч хууль зөрчсөн. Мөн иргэний ялтай, ялгүй гэх лавлагааг зөвхөн цагдаагийн байгууллага гаргадаг атал АТГ албан бичигтээ үүнийг дурдсан. 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн ялын хугацааг ч буруу тооцсон. Энэ бүхэн Н.Энхбаярыг албан тушаал хашуулахгүй, УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх санаархалтай холбоотой" гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Цогийн мэдэгдээд байгаа шиг 1 сая ам.долларыг намын дарга Н.Энхбаяр нэхсэн гэх асуудлыг тодруулахад, "Л.Цог нам байртай байх ёстой гэж ятгасаар байгаад МАХН-ын байрыг худалдаж авахуулсан. Гэтэл худалдаж авсны дараа дахин 1 сая ам.доллар нэхээд байна гэж дарга руу хандсан. Н.Энхбаяр дарга тэр үед хоригдож байсан учир "Би мөнгө өгөх боломжгүй байна. Чи өөрөө зохицуул" хэмээн хэлж байсныг манай намынхан бүгд мэднэ. Гэтэл одоо тэрээр намынхан руугаа эргээд дайрч байна” гэв.
Э.Бат-Уянга