Баренцевийн тэнгисийн экологийн тогтолцоонд эрс өөрчлөлт ажигладаж байгаа ажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
172@montsame.mn
2018-06-29 18:46:59
МОСКВА. /РИА Новости/. Баренцевийн тэнгисийн умард хэсэгт уур амьсгалын эрс өөрчлөлт ажиглагдаж байгаа тухай Норвегийн эрдэмтэд мэдээлжээ. Шинжлэх ухааны Natural Climate Change /Байгаль цаг уурын өөрчлөлт/ сэтгүүлд судлаачдын дүгнэлтийг нийтэлсэн байна.
 
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, энэ бүс нутагт арктикийн уур амьсгал удахгүй Атлантын далайн уур амьсгалын системд тогтсон илүү дулаан уур амьсгалаар солигдож болзошгүй байгаа ажээ. Мөс хайлах үйл явцад Баренцевийн тэнгист орж ирдэг давсгүй цэвэр усны хэмжээ багассан нь үүнд голлон нөлөөлж байгаа гэнэ.  
 
“Баренцевийн тэнгисийг хүйтэн умард болон дулаан өмнөд гэсэн уур амьсгалын өөр өөр нөхцөлтэй хоёр хэсэгт хувааж болно. Умард хэсгийн экологийн тогтолцоо нь мөсөн бүрхүүлээс шалтгаална. Уур амьсгалын хэвийн мөчлөгийн үед мөсөн бүрхүүл хайлж тэнгисийг цэвэр усаар хангадаг ба уг ус нь өвөл дахиад мөсөн бүрхүүл үүсгэдэг. Атлантын далайн дулаан усны түрэлтээр хүйтэн ус умард зүгт ухарч байна” гэж эрдэмтэд тэмдэглэж байна.
 
Түүнээс гадна судалгааны дүгнэлтийн дагуу Баренцевийн тэнгист дулаан болох үйл явц эргэлт буцалтгүй байх бөгөөд Арктикт “халуун цэг” бүрдэж, уур амьсгалын өөрчлөлт нь тэнгисийн экологийн тогтолцоонд хөнөөлт үзүүлэх төлөвэй байгаа ажээ.   
Лу.Батбаяр

Related news