Залуу боксчин А.Нурлан Казахстанд алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-01 11:37:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Атырау хотноо болсон Олон улсын боксын холбоо /ОУБХ/-ны “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд хүч үзсэн А.Нурлан аваргын алтан медалийн эзэн болов.

Тус тэмцээнд Узбекстан, Киргиз, Иран, ОХУ, Казахстаны шилдэг 100 гаруй боксчид 10 жинд өрсөлдсөн бөгөөд Монголын дөрвөн боксчин амжилттай оролцож нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ. ОУБХ-ны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдсан баг тамирчдаас А.Нурлан алтан медаль хүртэж, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг нар хүрэл медаль хүртлээ.



А.Нурлан 56 кг-д өрсөлдөж Иран, Казахстаны тамирчдыг хожиж аваргын төлөө Узбекстаны Кушкаров Абдулаевтай тулалдаж, ялалт байгуулснаар аваргаар тодорчээ. Мөн энэ тэмцээнд 64 кг-нд Э.Цэндбаатар, 69 кг-д Б.Сүххуяг нар хүрэл медалийн эзэд болсон. Харин 64 кг-д өрсөлдсөн Ц.Мөнхбаатар Киргизстаны тамирчинд хожигдсон байна.

Монголын баг тамирчид Казахстанд хоёр сарын хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Энэ хугацаанд Алматы, Астана хотуудад болох цуврал тэмцээнд оролцоно.

Д.Өлзий
 
Related news