Иргэдийн хурлыг сурталчилсан эссэ бичлэгийн уралдаанаа дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-12-05 13:02:57
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ИТХ-аас Монгол Улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд эссэ бичлэгийн уралдаан зарлаж дүгнэлээ.

Тус уралдаанаар дамжуулан Хэнтий аймгийн бүх шатны Хурлын байгууллага, сонгогдсон Төлөөлөгчдийн ажлыг сурталчлах нутгийн өөрөө удирдах ёсны ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой байв.

Уралдааныг аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн дунд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхзүйн зохицуулалт, хэрэгжилт, тулгарч буй саад бэрхшээл цаашдын хандлага” сэдвээр, Төрийн албан хаагчдын дунд “Хурал-Захиргааны байгууллагын хамтын ажиллагаа хөгжлийн асуудлыг эрэмбэлэх нь” сэдвээр, Иргэдийн дунд “Хурал ба Иргэний оролцоо, Сонгууль ба хариуцлага” сэдвээр зарлаж, нийт 100 гаруй эссэ иржээ.

ИТХ-ын төлөөлөгчдөөс тэргүүн байрыг Хэнтий аймгийн ИТХ-ын ахмад төлөөлөгч Ж.Уртнасан, дэд байрыг ИТХ-ын ахмад төлөөлөгч Д.Дашдорж, гутгаар байрыг ИТХ-ын Төлөөлөгч С.Мөнхцэцэг  нар эзэлсэн байна. Харин төрийн албан хаагчдаас Цагдаагийн газрын Шуурхай Удирдлагын Албаны мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Алтансоёмбо, Мөрөн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баянсувд, Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд нар эхний гурван байранд шалгарчээ.

Мөн иргэдийн дунд зарласан эссэ бичлэгийн уралдаанд нэгдүгээр байрыг Биндэр сумын иргэн Б.Тамжид, хоёрдугаар байрыг Баянмөнх сумын иргэн О.Цэрэннадмид, гуравдугаар байрыг Хэрлэн сумын иргэн Г.Тунгалаг нар тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагнал гардсан байна.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн хүрээнд байгуулагдсан Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэхүү уралдаан зохион байгуулагдсанаараа онцлог юм.
Д.Одонтунгалаг
 
Related news