Сумын цагдаа нарын цугларалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-22 10:31:12
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газарт Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын цугларалт боллоо.
Энэ үеэр алба хаагчдын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх, эерэг сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж, хичээлийг Мөрдөн байцаах албаны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Эрдэнэбаясгалан, мөн албаны эрэн сурвалжлах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Д.Гантөмөр, Хүний хөгжлийн академийн лектор, зохиолч багш Н.Амарбаясгалан нар заасан байна.
Мөн Цагдаагийн газрын 2017 оны эхний 11-р сарын сахилга хариуцлагын зөвлөлгөөн болж, нийт бие бүрэлдэхүүн оролцон ажлын амжилт, алдаа дутагдлаа дүгнэн үнэлэлт өгч, ажил үүрэг гүйцэтгэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцлээ.
Цугларалтын үеэр бусдыгаа манлайлан ажилласан Сант сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бээжин Цагдаагийн ерөнхий газрын “Спортын алдар” тэмдгээр, Хайрхандулаан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзул, Баруунбаян-Улаан сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатар нар аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр, Богд сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Чулуунбаяр Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр тус тус шагнуулав. Мөн Эрүүгийн цагдаагийн тасгаас цагдаагийн газрын алба хаагч нарын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, нийт 11 баг тамирчид оролцсоноос цагдаагийн дэд хурандаа А.Мөнхтөр ахлагчтай баг 1 дүгээр байр, цагдаагийн хошууч С.Төрмөнх ахлагчтай баг 2 дугаар байр, цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэбат ахлагчтай баг, тамирчид 3 дугаар байр эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг гардан авлаа.
Б.Батчимэг
Related news