Баян-Овоо суманд эко сууц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-21 12:19:12
Хэнтий /МОНЦАМЭ/. Сумандаа цэвэр, бохирын асуудлаа шийдсэн, халуун устай тохилог амьдрах боломжийг олгох “Жишиг сууц” эко төсөл Хэнтий аймгийн Баян-Овоо суманд хэрэгжиж, эхний найман өрхөд түлхүүрийг нь гардуулан өглөө.

Нэг айлын эко сууц 30 гаруй сая төгрөгийн үнэтэй бөгөөд 39,1 м2 талбай бүхий хоёр өрөөтэй юм байна.

“Жишиг сууц” эко төслийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, гүйцэтгэх захирал М.Батбаяр, Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун болон  тус төслийг дэмжигч БХБЯ, Баян-Овоо сумын ЗДТГ, гүйцэтгэгч “Их шовх” ХХК, оролцогч МАК ХХК, Хот төлөвлөлтийн хүрээлэн ХХК, "Best energy saving" ХХК, Besto design ХХК-ийн удирдлага, төлөөллүүд оролцов.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас эко, дулаан, барилгын төлөвлөлт, шугам сүлжээний хэмнэлттэй, төвлөрсөн шийдэл бүхий 24 айлын “Жишиг сууц” эко төслийг санаачлан, хэрэгжүүлсэн юм. Цаашид уг төслийг Монгол Улсын 329 сум, 21 аймгийн төв, нийслэл хотын гэр хороолол, төв суурин газруудад хэрэгжүүлэхээр зорьж байна.

Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимын захирал, Монгол Улсын Зөвлөх архитектор, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр, Гомбожав сангийн тэргүүн, “Их шовх” ХХК-ийн захирал Г.Ууганбаяр нар энэхүү төслийн талаар анх ярилцан, шийдлийг гаргасан байна. “Их шовх” ХХК өөрийн хөрөнгөө төрөлх нутагтаа бүтээн байгуулалтыг хийсэн нь учиртай. Түүний өвөө Ж.Шагдар Баян-Овоо сумын ихэнх байшин, барилгуудыг барьсан ахмад барилгачин юм.

Өвлийн тэсгэм хүйтэн улиралтай манай улсад энэхүү “Жишиг сууц”-ыг барихад МАК-ийн евроблок  тохиромжтойд тооцогджээ. Евроблок нь дуу чимээ тусгаарладаг, ус чийгэнд тэсвэртэй, галд шатдаггүй, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй, барилгын өртөг зардлыг бууруулж, дулааны зардлыг 40 хувь хэмнэдэг технологийн шинэ шийдэл бүхий амьсгалдаг блок гэнэ.
Д.Одонтунгалаг
Related news