Бор-Өндөр сум олборлолтын компаниудын тайланг иргэдэд ил тод мэдээлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-20 12:10:28
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд уул уурхайн үнэн бодит, ил тод мэдээллийг иргэн бүрт хүргэх зорилготой “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын аян” өрнөж байна.
Энэ сарын нэгнээс эхлэн 12 дугаар сарыг дуустал хугацаанд үргэлжлэх энэхүү аяны хүрээнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайлангаар ил тод болдог мэдээллийг иргэн бүрт хүргэх аж.

Уг тайлангаар уул уурхайн тусгай зөвшөөрлийн олголт, хөдөлгөөний мэдээлэл, компаниудын бүтээгдэхүүн олборлолт, борлуулалтын хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлж буй татварын дүн, нийгмийн хариуцлагын хүрээнд сум, орон нутагт үзүүлж буй хандив, дэмжлэгийн мэдээлэл, байгаль орчны нөхөн сэргээлт, барьцаа хөрөнгийн хэмжээ, ашиг хүртэгч эздийн мэдээлэл болон орон нутгийн иргэдэд ажил олгосон мэдээлэл зэрэг нь ил тод болдог байна.

Одоогийн байдлаар Бор-Өндөр суманд нийт 12 компанид 15 тусгай зөвшөөрөл олгогджээ. Тусгай зөвшөөрөлтэй компаниудын жагсаалтыг танилцуулбал,
 
Ашиглалтын тусгай зөвшөөрөл Тоо Хайгуулын тусгай зөвшөөрөл Тоо
Монголросцветмет 2 Өвөрголд 2
Монфайненс 1 Шохойт нуруу 1
Си Эм Кэй Ай 2 Эх орд майнинг 1
Түшигинтернешнл 1 Универсалнобле хеалт 1
Хэрлэн-энерго 1 Лутайрөүд констракшн 1
Дарханфлюрит 1    
Баянтэгш Импекс 1    
 
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага нь байгалийн баялаг ихтэй дэлхийн 52 оронд хэрэгждэг бөгөөд Монгол Улс 2006 онд нэгдэн оржээ.

Байгалийн баялгийг олон нийтэд ил тод, хариуцлагатай байдлаар удирдахад чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоог хангах зорилготой энэхүү санаачлага нь 2017 оноос уурхайн үйл ажиллагаа явагддаг сум, орон нутгийн иргэдэд илүү ойртож, бодит мэдээлэл хүргэхээр “Ил тод байдлын таван жишиг сум” төслийг Интерконсалтинг групп компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Уурхай хөгжсөн Төв аймгийн Заамар, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Өмнөговь аймгийн Гурвантэс болон харьцангуй шинээр хөгжиж буй Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын иргэдэд мэдээллийн хүртээмжийг ийнхүү нэмэгдүүлэн ажиллаж байна.
Д.Одонтунгалаг
 
Related news