Түүхэн аялал жуулчлалын бүс нутагт хийгдэх бүтээн байгуулалтын төсөв батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-19 10:47:37
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх хүрээнд Биндэр суманд “Их Монгол Улс, Монголын Эзэнт гүрэн”, Батноров суманд “Хүлэг баатар Боорчи-Андлалын Өргөө” цогцолборыг барих барилгын ажлын хөрөнгө улсын төсөвт тусгагдлаа.

Түүнчлэн Баян-Овоо суманд 120 хүүхдийн дотуур байр барих ажлыг 2018 онд багтаан дуусгахаар хөрөнгийн эх үүсвэрийг шийдэгджээ.

Мөн Хэрлэн, Жаргалтхаан, Мөрөн суманд нийтдээ 10 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсний дотор тус аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төв, 200 хүүхдийн цэцэрлэг шинээр баригдахаар болсон бол Мэргэжлийн хяналтын газар, IV Сургууль болон Жаргалтхаан сумын соёлын төвийн барилгад их засвар хийхээр болсон байна. Мөн Нэгдсэн эмнэлгийн компьютер томограф, Мөрөн, Хэрлэн сумдын Эрүүл мэндийн төвийн автомашин, зарим нэг тоног төхөөрөмжүүдийн хөрөнгийн эх үүсвэр шийдэгджээ.

Харин Дэлгэрхаан суманд 100, Цэнхэрмандал суманд 120, Өмнөдэлгэр суманд 200 хүүхдийн цэцэрлэг барих, Бор-Өндөр, Дархан, Дэлгэрхаан сум, Хурх тосгоны Соёлын төвүүд, Хурх тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын дээврийн их засвар зэрэг ажлын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлжээ. Мөн Өмнөдэлгэр суманд Хөв цөөрөм байгуулах ажлыг 2018 онд хийж дуусгахаар болсон байна.

Ийнхүү Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон тус аймгийн удирдлагууд идэвх санаачлага гарган хамтарч ажилласнаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсөвт Хэнтий аймагт хийгдэх нэлээд ажлуудын төсөв батлуулж чаджээ.
Д.Одонтунгалаг
Related news