“Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг зургаа дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-15 21:34:43
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл, аймгийн Цагдаагийн газартай хамтран “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зургаа дахь жилдээ зохион байгууллаа.

Сургуулийн насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, бага ангийн сурагчдыг бие даан замын хөдөлгөөнд оролцох мэдлэгтэй болгох, цаашлаад замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх нь тэмцээний гол зорилго байв.
Тус тэмцээнийг Хэнтий аймгийн хэмжээнд нийт таван бүсэд хуваан зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Чингис хотод шалгарсан багуудын шилдгийн шилдгийг шалгаруулах тэмцээн болж, аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд нийт таван баг оролцох байсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Хэрлэн, Жаргалтхаан, Бор-Өндөр сумдын сургуулийн баг оролцов.
Хэнтий аймгийн ИТХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнд Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн "Дуут дохио" баг тэргүүлж, Бор-Өндөр сумын ЕБС-ийн "Гэрлэн дохио", Жаргалтхаан сумын ЕБС-ийн "Зохицуулагч" багууд удааллаа.
Д.Одонтунгалаг
Related news