Шүлхийн улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-14 22:01:53

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэмийн хугацаанд шүлхий өвчнөөр өвчилсөн болон хорогдсон мал байхгүй тул 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.

Өнгөрөгч 10-р сарын 25-ны өдөр Хэрлэн сумын долдугаар баг буюу Өлзийт тосгоны "Өвөр булаг" хэмээх газарт нутаглаж байсан Төв аймгийн Заамар сумын малчин М.Содбаярын суурьт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, 10 дугаар сарын 26-ны өдөр тус сумын Засаг дарга захирамж гарган хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм.

Ингэснээр ажлын хэсэг гарч, өвчилсөн 31 үхрийг устгалд оруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг шуурхай зохион байгуулж ажиллажээ. Мөн сумын хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил явагдаж байна.

Одоогийн байдлаар тарилганд найман багийн 190 өрхийн тэмээ-83, үхэр-8036, хонь-72914, ямаа- 63223, нийт 144256 толгой мал хамрагдаж, тарилгын явц 67,2 хувьтай байгаа аж.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын хоёр байцаагч, 13 сумын улсын байцаагчид хамтран 18 сум, таван тосгоны мал сүрэгт хийгдэж байгаа урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хяналт шалгалт хийжээ.

Тэдний мэдээлснээр 2017 оны 9, 10 дугаар сард ОХУ-д үйлдвэрлэсэн 15,16 серийн дугаартай шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилганд тус аймгийн хэмжээнд 2 439 752 мал хамрагдахаас 1 548 223 мал хамрагдаж, 71.9 хувьтай байна гэлээ. Одоогоор 76 ажлын хэсэгт 347 малын их, бага эмч, ариутгагч, туслах ажилтан мал зүйчид ажиллаж байгаа юм байна.

Д.Одонтунгалаг

Related news