"Хөх торгон дээл” ардын дууны II наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-10 19:31:18
Хэнтий /МОНЦАМЭ/. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн  Дансранбилэгийн Догсомын алдар гавъяа үйл хэргийг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Хөх торгон дээл” ардын дууны II наадам Хэнтий аймгийн Баян-Овоо суманд боллоо.

Энэ удаагийн наадмыг Баян-Овоо сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл, “Догсом Төртогтох” сан, МУСТА Хорлоогийн Ёндонгийн нэрэмжит Соёлын төв хамтран зохион байгуулсан аж. Наадамд ардын  авьяастнууд  өөрийн  сонголтоор  ардын  дууг сонгож  дуулах, Д.Догсомын  зохиосон “Хөх торгон дээл”,
“Гандан  уулын цэцэг”, “Дөрвөн уул” дуунаас сонголт  хийж  дуулах гэсэн хоёр шаттайгаар явагдсан байна.

Тус наадамд  Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Мөрөн, Бэрх, Хэрлэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шилийн гол аймаг Чулуун хөх хошуугаас  ардын авьяастнууд ирж оролцсоноороо онцлог байв. Гран при шагнал тэргүүн байрыг  Баян-Овоо сумын  ардын  авъяастан А.Оюунчимэг, дэд байрыг ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Чулуун хөх  хошуунаас оролцсон залуу дуучин С.Шулуун, гутгаар байрыг Хэнтий аймгийн Бэрх тосгоноос оролцогч Д.Баярцогт, тусгай байрыг Хэрлэн сумаас оролцогч Д.Оюунхүү, Мөрөн сумаас оролцогч н.Очирдагва нар эзэлсэн байна.


Наадмын Ерөнхий шүүгчээр Монголын Концертын төвийн ерөнхий захирал, Монгол Улсын Ардын жүжигчин, ОХУ-ын  Буриад  Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, Соёл  Урлагийн  Их Сургуулийн хүндэт профессор, концертын найруулагч, Олон улсын  шүүгч Данзанваанчигийн  Ухнаа, “Догсом Төртогтох” сангийн гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн багш доктор профессор олон улсын шүүгч Дэлгэрхүүгийн  Наранцацрал, МУИС-ийн багш, доктор профессор,  урлаг судлаач, шүүгч  Лхасүрэнгийн  Хэрлэн, Нарийн бичгийн даргаар  Баян-Овоо сумын Соёлын  төвийн номын санч  С.Болортунгалаг нар ажиллажээ.

Д.Догсомын зохиосон “Хөх торгон дээл” дууны нэрэмжит анхдугаар наадмыг 2014 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд гурван жил тутамд явуулж байх шийдвэр гарчээ.
Д.Одонтунгалаг
Related news