Сүүлийн хоёр жилд 516 хос гэрлэлтээ батлуулж, 120 хос гэр бүлээ цуцлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-08 23:08:40
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан мэдээллээр 2016 онд тус аймгийн хэмжээнд 310 хос гэрлэлтээ бүртгүүлж, 67 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Харин 2017 оны 10 дугаар сарын байдлаар 206 хос гэрлэлтээ батлуулж, 53 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.

Улсын хэмжээнд өдөрт 40 хос гэрлэлтээ бүртгүүлж, 10 хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн судалгааны дүн  бий. Хэнтий аймгийн хувьд энэ асуудал харьцангуй бага түвшинд яригдах хэдий ч анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг мөн юм.

Гэр бүлийн тайван амьдрал алдагдах шалтгааныг архидалт, ядуурал манлайлдаг. 2010 онд хийгдсэн нэгэн судалгааны дүнгээр, судалгаанд оролцогчдын 58,3 хувь нь гэр бүлийн амьдралаас татгалзах болсон шалтгаанаа архидалт, 48 хувь нь мөнгө, санхүүтэй холбон тайлбарлажээ. Түүнчлэн хардалт, итгэл эвдэж хууран мэхлэх, бэлгийн тааламжгүй харилцаа, эхнэр нөхөр, эцэг эх хүүхдийн хоорондох үл ойлголцол, хайр халамж, анхаарал дутсанаас үүссэн сөргөлдөөн зэрэг нь салалтад цөөн хувиар нөлөөлсөн гэсэн дүн гарсан байна.

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэрэг маргааны судалгаанаас харахад 2016-2017 оны байдлаар Гэр бүлийн тухай хуулиар энэ хугацаанд шийдвэрлэгдсэн 74 хэрэг маргааны хоёр нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 72 нь гэрлэгчид тусдаа амьдралтай болсон шалтгаанаар тус тус гэрлэлтээ цуцлуулжээ.  

Гэр бүл цуцлуулаад амьдрал төдийлөн сайжирдаггүй гэнэ. Хүүхдээ авч үлдсэн гурван хүн тутмын хоёрт нь хариуцлага, ачаалал нэмэгдэж, санхүүгийн хувьд бэрхшээлтэй болдог гэсэн дүгнэлтийг сэтгэлзүйчид хийжээ.
Д.Одонтунгалаг
Related news