Иргэд авсан зээлээ төлөхгүй төрийн ажилд хүндрэл учруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Иргэд авсан зээлээ эргүүлэн төлөхгүй хугацаа алдсаны улмаас төрийн ажилд хүндрэл учруулж, дараа дараагийн зээлдэгч нарт саад болж байна.
Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээ бол сум орон нутгийн хөгжлийн нэгэн чухал салбар юм. Гэвч тус салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлын нэг нь “Сум хөгжүүлэх сан” болон Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн зээлийн эргэн төлөлт болоод байна.
Энэ талаарх асуудлыг хэрхэн шийдвэрлэж ажиллаж байгаа талаараа Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат мэдээллээ.
Тухайлбал, Хэрлэн сумын “Сум хөгжүүлэх сан” нийт 917,1 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 126 зээлдэгчээс 44 зээлдэгчийн материал шүүхэд очсон, 14 зээлдэгчийн материал ШШГА-нд хүргэгдсэн, 11 зээлдэгчийн материал ШШГА-нд хүргэгдэхээр бэлтгэгдэж байгаа гэв. Түүнчлэн 57 зээлдэгч хэвийн эргэн төлөлт хийж байгаа гэлээ.
Харин Жижиг дунд бизнесийг дэмжих сангийн нийт 502,8 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 296 зээлдэгчээс 41 зээлдэгчийн материал эвлэрүүлэн зуучлахад, 46 зээлдэгчийн материал шүүхэд хүргэгдсэн байна. Мөн 47 зээлдэгч өөрсдөө ирж уулзан хугацаатай өргөдөл өгч эргэн төлөлт хэвийн хийгдэж байгаа, үлдсэн 184 зээлдэгчдийг эвлэрүүлэн зуучлахад өгөхөөр материал бэлтгэгдэж байгаа зэргийг танилцуулсан юм.
Д.Одонтунгалаг