Хэнтийд 250 гаруй иргэн, аж ахуй нэгж НААҮ-ний салбарт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-16 22:01:13

Хэнтий /МОНЦАМЭ/. Энэ оны байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд 250 гаруй иргэн, аж ахуйн нэгж Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 112 оёдол, гутал, 67 үсчин, үлдсэн нь цахилгаан бараа засвар, гар урлал, дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Хэнтийчүүд энэ сарын 13-ны өдөр “Монгол Улсад Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 86 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ.

Уг, өдөрлөгийн хүрээнд уламжлалт “Ахуйн үйлчилгээ-2017” үзэсгэлэн худалдаа, Үсчин гоо сайхан, манекюрийн ур чадварын тэмцээн зэргийг зохион байгуулж, тус салбарт үр бүтээлтэй ажиллаж яваа хүмүүсийг шагнаж урамшуулсан байна.

Энэ өдөр НААҮ-ний салбараас "Худалдаа үйлдвэрийн тэргүүн гурав, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүн нэг, Жижиг дунд үйлдвэр, худалдаа аж үйлдвэрийн тэргүүн 13, Хан Хэнтийн алдартан хоёр, аймгийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөлт хоёр, Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний 80 жилийн ойн медальтан хоёр, Жуух бичигтэн хоёр тус тус тодорчээ.

Мөн ур чадварын уралдааны "Шилдэг үсчин" төрөлд Г.Тунгалагтуул, "Шилдэг гоо сайханч", "Шилдэг манекурчин" төрөлд Г.Алтанзул, "Шилдэг гутал" төрөлд Б.Алтан-Од нар тэргүүн байрт шалгарчээ.

Өнгөрсөн хугацаанд ахуйн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд ЖДҮ-ийг дэмжих дэд сан болон Сум хөгжүүлэх сангаас 300 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн аж. Мөн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд нэн тэргүүний шаардлагатай ахуйн үйлчилгээний төвүүдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээг ойртуулах, нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор сумдад  ахуйн үйлчилгээний 14 төвийг байгуулжээ.

Д.Одонтунгалаг

Related news