Залуус цэргийн албанд мордлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-16 20:54:43
Хэнтий /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотын төв талбайгаас 2017 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдаж буй залуус, ар гэр ах дүүс, найз нөхөд, ард түмнийхээ халуун итгэл, хайраар үдүүлэн энх цагийн манаанд эх орондоо үүрэг гүйцэтгэхээр мордлоо.

Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 9-15-ны өдрүүдэд тус аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан юм. Үдэн гаргах үйл ажиллагаанд Хэнтий аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб болон сум, багийн удирдлагууд, иргэд өргөнөөр оролцлоо.

Төрийн албаны тухай хуулинд орсон өөрчлөлтөөр төрийн жинхэнэ албанд ажиллах эрчүүд заавал цэргийн алба хаасан байх ёстой гэсэн шаардлага тавигдсан. Энэ нь алба хаах эрчүүдийн тоо нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд цэргийн үүргээ биелүүлэх иргэдийн ухамсар, сэтгэлгээ илүү төлөвшсөн, алба хаах хүсэл сонирхолтой залуусын хандлага нэмэгдсэн гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа.

Дашрамд дурдахад Хэнтий аймгийн ЗДТГ-ын цэргийн хэлтсээс 1990-1991 онд төрсөн залуучуудын хугацаат цэргийн алба хаах хуулийн нас нь дууссан учир цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгахаар холбогдох төлбөрийг тогтоожээ.
Д.Одонтунгалаг
 
Related news