“Хүслэн” хүүхдийн оролцооны байгууллага 15 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-11 18:54:11
Хэнтий /МОНЦАМЭ/."Хүслээрээ тэмүүлж хүүхдийн төлөө хамтран ажиллацгаая" уриатай  “Хүслэн” хүүхдийн оролцооны байгууллагын 15 жилийн ой энэ сарын 10-ны өдөр тохиолоо. 
 
Тус байгууллага одоогоос 15 жилийн өмнө Дэлхийн зөн Монгол ОУБ-ын санаачлага, дэмжлэгээр анх байгуулагдаж байсан түүхтэй. Эгнээнээсээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга зэрэг Хэнтий нутгийн шилдэг лидерүүдийг төрүүлсэн уг байгууллагад өнгөрсөн хугацаанд 500 гаруй гишүүн элсэж, чадварлаг манлайлагчид болон төгсжээ.
 
Ойд зориулсан “Хүслээр тэмүүлсэн он жилүүд” баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хэнтий аймгийн төрийн болон ТББ-ын удирдлагууд, “Хүслэн”  хүүхдийн оролцооны байгууллагын үе үеийн гишүүд хүрэлцэн ирсэн байлаа. 
 
Чуулганы нээлтийн үеэр "Хүслэн"-гийн шинэ залгамж халаа болон элсэн орж байгаа хүүхдүүд тангараг  өргөх ёслол болов. Чуулганыг  Монголын Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Хувь хүний хөгжил” сэдэвт лекцээр үргэлжлүүлж, Хүслэнчүүд нэгдэн “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр хэлэлцүүлэг явууллаа. Хэлэлцүүлгээр “Дотуур байран дахь хүүхдийн эрхийн тулгамдсан асуудлууд”, “Үе тэнгийнхний дарамт түүнээс урьдчилан сэргийлэх арга зам”, “Сургуулийн орчин дахь эрсдэлт нөхцлийг бууруулахад хүүхдүүд бидний оролцоо” зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.
 
Мөн энэ үеэр Хэнтий аймгийн “Хүүхдийн элч”-ийг сонгох, батламжлах арга хэмжээ болж,  Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбаясгалан сонгогджээ. Тэрбээр гурван жилийн хугацаанд өөрийн нутаг дэвсгэрийн бүх хүүхдийн эрхийг хамгаалагч нь байж, тэдний хүсэл зорилго, итгэл найдварыг биелүүлэхийн төлөө өөрийгөө дайчлан ажиллах үүрэг хүлээж, андгай өргөсөн юм.
 
Түүнчлэн “Хүслэн” хүүхдийн оролцооны удирдах зөвлөлийн 14 дэх үеийн тэргүүнээр Үндэсний лаборатори Хэрлэн 1-р сургуулийн  сурагч Б.Өнөмөнх сонгогджээ. 
 
Хэнтий аймгийн хэмжээнд хүүхдийн оролцооны 109 байгууллага үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 2441 хүүхэд хамрагдан хамтдаа хөгжиж, суралцаж байна.
Д.Одонтунгалаг
 

Related news