Хэнтий аймаг ШТС-ын зориулалтаар нэмж газар олгохгүй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Чингис хотын угталт, үдэлтийн хаалганы яг дэргэд “Ихэр наран” гэх компани шинээр Шатахуун түгээх станц барьж эхэлсэн нь зарим иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж, холбогдох удирдлагуудаас барилгын ажлыг нь зогсоохыг шаардсаар байгаа юм. Энэ талаар албаны хүмүүсээс тодрууллаа.
Хэнтий аймгийн Чингис хот, Мөрөн, Баянхутаг сумдад 2007 онд нэг, 2012-2016 онуудад ШТС-ын зориулалтаар ашиглах 10 газрын зөвшөөрөл тус тус олгожээ. Харин 2016 оны долдугаар сарын 23-наас хойш Хэнтий аймгийн хэмжээнд нэг ч ШТС-д газрын зөвшөөрөл өгөөгүй гэнэ. Цаашдаа ч бүтээн байгуулалт, түүхэн цогцолбор газрууд, иргэдэд амар тайван амьдрахад төвөг болохоор бүсүүдэд зөвшөөрөл олгохгүй гэсэн байр суурьтай байгаагаа Засаг дарга Н.Ганбямба мэдэгджээ. Мөн сумдын удирдлагууд, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт дээрх чиглэлийг өгсөн бөгөөд Газрын тосны газарт энэ асуудлаар санал хүргүүлэхээр ажиллаж байна гэв.
“Тиймээс энэхүү замбараагүй олгогдсон ШТС-ын газрын асуудалд одоогийн удирдлагууд огт оролцоогүй бөгөөд харин ч зөрчилтэй газруудад арга хэмжээ авах, нүүлгэн шилжүүлэх, ажлыг зогсоох тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна” хэмээн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Д.Одонтунгалаг