"Нэйт" хар салхины улмаас 20 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sarnai@montsame.mn
2017-10-06 10:56:08
НЬЮ-ЙОРК. /Би-Би-Си/. “Нэйт” хэмээх халуун орны хүчтэй салхин шуурга Коста-Рика, Никарагуа, Гондурас улсуудын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч 20 хүн амиа алджээ гэж "Би-Би-Си" агентлаг мэдээлэв. 

"Нэйт" хар салхи одоо АНУ-ын хойд хэсгийг чиглэн дөхөж байна. Одоогоор 20 хүн сураггүй болоод байгаа Төв Америкийн тус орнуудад онц байдал зарлаад байна.  

Уг хар салхины уршгаар хүчтэй бороо орж, хөрсний гулгаа үүсэн үер болж зам хаагдан, гүүр, их хэмжээний байшин барилгууд нуржээ. Коста-Рикад 400 мянган хүн усгүй болж, олон мянган хүн түр орогнох байранд хоноглож байна. Мөн 6 хүн амиа алдаж, харин 11 хүн хойд зүг рүү нүүж байхдаа Никарагуад амь үрэгдсэн байна. Харин Гондураст 3 хүн нас барж хэд хэдэн хүн сураггүй алга болоод байна. 

Пүрэв гарагт Коста-Рикад галт тэрэгний буудлын үйл ажиллагаа түр зогсож, арав гаруй нислэг цуцлагдсан байна. Жуулчдын хамгийн ихээр очдог 10 гаруй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор хаасан байна. Энэхүү хүчтэй шуурганы улмаас Никарагуа улсын дэд бүтцэд маш их хохирол гэмтэл учраад байгаа юм. 
Х.Сарнай 
 
Related news