Эсгий гутал нь нороод агшчихаар тайлж чадахгүй хайчилж хаядаг байсан үе бий гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-05 17:33:04

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Чингис хотын хүн амын тав тухтай, халуун дулаан орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн, чандмань эрдэнэ болсон усыг түгээх эрхэм үүргийг хүлээн ажилладаг Хэнтий Ус ХХК-ийн хамт олон арвин туршлагатай, чадварлаг ажилтнуудтай билээ. Тэдний нэг болох хамт олноосоо “Сан Ганбаа” хэмээх алдрыг хүртсэн Сандагдоржийн Ганбат юм.

Тэрбээр 1962 онд Хэнтий аймгийн Идэрмэг суманд төрж өссөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд цэргийн албанд морджээ. Цэргээс халагдаж ирээд 1984 оны 10 дугаар сард тэр үеийн нэршлээр Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт зуухны галчаар орсноос хойш 33 дахь жилдээ ажиллаж байна.

С.Ганбат слесарь, зуухны механик, цахилгаанчин, токарьчин, цехийн дарга, халаалтын цехийн механикаар ажиллаж, туршлагажин 1987 онд байгууллагын Хөдөлмөрийн аварга болж байжээ. Түүнийг анх ажилд ороход тоног төхөөрөмж, шугам сүлжээ гэж бараг байсангүй. Газар ухдаг эксковатор байхгүй учраас дугуй шатаагаад гараараа ухдаг байжээ. Ихэнхдээ өдөр шөнөгүй ажиллаж, нойтон гуталтай харина. Өвлийн хүйтэнд эсгий гутал нь нороод агшчихаар тайлж чадахгүй хайчилж хаядаг байсан үе бий.

1987 онд тэрбээр 45 хоногийн сургалтад хамрагдаж сантехникийн 3 дугаар зэрэг авсан бөгөөд 1988 онд дахин суралцаж 4 дүгээр зэрэг, 1990 онд 5 дугаар зэрэг авч, мэргэшин ажил хөдөлмөртөө шаргуу зүтгэсээр иржээ. Равдан, Намдаг, Тогоонтөмөр, Тэрбиш гээд ажлын амтыг мэдрүүлж, олон зүйлийг зааж сургасан чадварлаг, ажилсаг хүмүүсийн хүрээлэлд байж, сайхан хамт олны дунд олон жил ажиллаж байгаа нь түүний нэгэн бахархал.

Хэнтий Ус ХХК 1988 оноос сумдын уурын зуухнуудыг хариуцан ажиллах болсноор С.Ганбатын ажлын ачаалал нэмэгдэж, дуудлагаар их явдаг болжээ. Өдөр шөнө, хол ойр гэлгүй ирсэн дуудлага, засвар үйлчилгээ бүрт явна. Тэр үед гагнуурын аппарат гэж бичгийн ширээ шиг том байж. Аймагтаа дуудлага гарсан үед машин унаа хүрэлцэхгүй болохоор өөрөө гагнуурын аппаратаа чирээд л ажлаа гүйцэтгэнэ. Одоо цагт бол тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд авсаархан, хүчин чадал сайн, ажил үйлчилгээ хийхэд унаа тэрэгтэй болж, орчин үетэйгээ хөл нийлэн, хөгжин дэвшиж байна.

С.Ганбат 1992 онд цэвэр усны хоолой ашиглалтад ороход механикаар ажиллажээ. Одоо хүртэл аймгийн хэрэглэгчдийг цэвэр усаар тасралтгүй хангах, гүний худаг, цэвэр усны усан сангийн усны түвшинд байнгын хяналт тавих үүргийг хүлээн ажиллаж байгаадаа тэр сэтгэл хангалуун явна.

Түүний санааг хамгийн ихээр зовоож байгаа асуудал нь зуухнуудын ачаалал гэнэ. Тухайлбал, 1 дүгээр зуух түүнийг ажилд ороход 2 тогоотой байсан бол одоо ч тэр хэвээрээ ажиллаж байгаа юм. Нэг орон сууц баригдахад нэг тогоо нэмж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ёстой. Гэтэл одоо түүнийг ажилд орсон үеийнхээс хэд дахин илүү барилга, орон сууц баригдан ашиглалтад ороод байхад төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлаас болоод зөвхөн тогоогоо л сольдог аж. Тэрбээр тогоогоо томсгож, тоог нь нэмэгдүүлчихбэл уурын зуухны ачаалал багасч, ажиллах хүний асуудал шийдэгдэнэ дээ хэмээн ярьж байлаа. Мөн зуух халаахад байнгын гар ажиллагаатай, ачаалал ихтэй учраас ажиллах хүн ховордоод байгаа нь энэ асуудалтай холбоотой гэж боддог аж.

Хийсэн ажил хөдөлмөрөөрөө өргөө цагаан гэрээ босгож амжаагүй ч хамт олныхоо хүндлэл хайрыг хүлээсэн “Сан Ганбаа” 1988 онд Өндөрхаан хотын аварга, 1989 онд аймгийн аварга болж хөдөлмөрөө үнэлүүлсэн төдийгүй Нийтийн ахуйн үйлчилгээний яамны Хүндэт жуух бичиг, Нийтийн ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн тэргүүний ажилчдын нэг юм.

Д.Одонтунгалаг


Related news