Агацын заставын хилчид 20 жилийнхээ ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-02 13:39:34
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Дадал суман дахь хилийн дугаар ангийн “Агац”-ын заставын хилчид түүхт 20 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Ойн арга хэмжээ нэлээд өргөн цар хүрээтэй болсон төдийгүй, сум орон нутгийн удирдлага, анхны гэсэн тодотголтой ахмад хилчид, харилцан ажиллагаатай байгууллагын дарга, эрхлэгч, ажиллаж амьдарч байсан хилчдийн төлөөлөл гээд 150 гаруй зочид хүрэлцэн ирсэн байна.

Тус застав нь анх 1995 онд “Хэрийн гол”-ын заставын “Агац”-ын байнгын хилийн харуул нэртэйгээр байгуулагдаж, 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн тухайн үеийн ХЦУГ /Хилийн цэргийн удирдах газарын /-ын даргын тушаалаар байгуулагдан Монгол Улсынхаа хил хамгаалалтад оролцож байсан түүхтэй.

Ойн арга хэмжээний үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын бооцоот уралдаан, үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, ирсэн зочид, хурсан олны сэтгэлийг баясгажээ.

  “Агац”-ын заставынхан бол Монгол Улсынхаа хоймор нутагт хариуцсан хэсгээ нэр төртэйгөөр хамгаалж, Хил хамгаалах байгууллага, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж яваа хамт олон юм.
Д.Одонтунгалаг
Related news