Өсвөрийн 2048 хүүхдийн бөхийн барилдааны бүртгэл өнөөдөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-20 09:37:09
Хэнтий /МОНЦАМЭ/. Чингис хотноо өнөөдөр монгол бөхийн бүрэн өмсгөлтэй 2048 хүүхдийн Үндэсний бөхийн анхдугаар наадмын бүртгэл албан ёсоор эхлээд байна.

Уг наадам нь цэцэрлэгийн насны хүүхдүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, Хэнтий аймгийн аваргуудын нэрэмжит 7-18 насны хүүхдүүдийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдах юм.

Монгол Улсдаа анхдагч энэхүү наадмын шагналын сан 60 гаруй сая төгрөг бөгөөд I-V байр шалгаруулан, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах аж. Мөн I-V байранд шалгарсан багийн ахлагч нарыг мөнгөн шагнал, Бээжин хотод аялах эрхийн бичгээр, арга хэмжээг хүндэтгэн, зохион байгуулалттай жагсаж оролцсон сургууль, цэцэрлэг тус бүрээс нэгийг шалгаруулж, багш нарыг Бээжин хотод аялуулах юм байна.

Хэнтий аймагт 2015 онд анх удаа монгол бөхийн бүрэн өмсгөлтэй 1500 хүүхдийн барилдаан аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байсан аж. Хан Хэнтий нутгийнхаа алдарт аваргуудыг дэлхий даяар сурталчлан, Гиннесийн номонд бүртгүүлэхээр өсвөрийн бөхийн “Хан Хэнтийн Аварга” дэвжээнээс санаачлан 2019 онд 3072 хүүхдийн барилдааныг зохион явуулахаар төлөвлөөд байна.

Өсвөр үе, хүүхэд багачуудыг үндэсний бөхийн спортод дур сонирхолтой болгох, бага наснаас нь хичээллүүлж хөгжүүлэх, бүрэн өмсгөлтэй үндэсний бөхийн гараа дэвээ, ёс жаяг мэхийг зааж сургах зорилготойгоор эдгээр барилдаануудыг зохион байгуулж байгаа хэмээн Хэнтий аймгийн БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатар ярьж байлаа. 

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9979-0286 утаснаас лавлах боломжтой юм байна.
Д.Одонтунгалаг
 
Related news