“Монгол алтан хундага” ургамлын хөшөөт цэцэрлэг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-23 14:03:12
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Мөрөн сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон 80 жилийн түүхэн ойгоо угтаж “Монгол алтан хундага” ургамлын хөшөөт цэцэрлэгийг байгуулжээ.

Тус төв 2008 онд Мөрөн сумын уугуул Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн”, доктор, профессор Цэндийн Хайдавын нэрэмжит эмнэлэг болсон түүхтэй. Ц.Хайдав нь 1965 онд “Дорно дахины анагаах ухааны зарим өвөрмөц онцлог ба монгол ардын эмнэлэгт хэрэглэгдэж байсан эмийн ургамал” сэдвээр Анагаах ухааны дэд докторын зэрэг, 1972 онд “Монгол алтан хундага” ургамлын эмзүйн судалгаа“  сэдвээр Шинжлэх ухааны докторын зэрэг, 1982 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд Монголын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн болсон бөгөөд 1998 онд Профессор цол хүртсэн нэгэн байсан юм.

Тиймээс ойгоо угтаж, эмнэлгийн хамт олон нутгийн уугуул профессор Ц.Хайдавын алдрын булантай болох, 80 жилийн ойн түүхэн ном бүтээх, эмнэлэгтээ гадна, дотно тохижилт хийх зэрэг бүтээлч ажлуудыг төлөвлөснийхөө хүрээнд ийнхүү “Монгол алтан хундага” ургамлын хөшөөт цэцэрлэгийг бүтээсэн байна.
Тус бүтээл 2 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд Мөрөн сумын уугуул уран барималч Н.Шархүү гуай урлажээ.
 Д.Одонтунгалаг
 
Related news