99 жилийн дараа АНУ-ын хоёр эргийг дамнасан бүтэн нар хиртэлт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-08-22 08:10:39
ВАШИНГТОН. /VOA/. Америк даяар хэдэн сая хүн маш ховор тохиолдох байгалийн үзэгдлийг харж баяслаа.

Наймдугаар сарын 21-ний өдөр буюу өчигдөр сүүлийн 99 жилийн түүхэнд анх удаагаа АНУ-ын баруун ба зүүн хоёр эргийг дамнан нар бүтэн хиртлээ.
https://www.youtube.com/watch?v=t-mM3S0zVMU

Номхон далайн баруун эрэгт орших Орегон муж улсаас Атлантын далайн зүүн эрэгт орших Өмнөд Каролина муж улс хүртэлх зурвас бүсэд 1918 оноос хойш анх удаагаа бүтэн нар хиртэлт ажиглагдсан байна. Нар хиртэлтийг ойролцоогоор 200 сая хүн үзэж сонирхжээ.



Энэ нь түүхэн дэх хамгийн олон хүн ажигласан, хамгийн их баримтжуулсан нар хиртэлт боллоо гэж НАСА агентлаг мэдээллээ.



Ореган муж улсын 7000 мянган хүн амтай Мадрас сууринд л гэхэд нар хиртэлтийг харахаар 100 мянган гаруй хүн цугласан байсан аж.

Иллинойс муж улсын Карбондейл хотод бүтэн нар хиртэлт хамгийн урт буюу 22 минут 44 секунд ажиглагдсан гэнэ.

“Үнэхээр гайхамшигтай байлаа. Зуун жилд ганц тохиолдох байгалийн ховор үзэгдлийг харлаа. Миний амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг болж өнгөрлөө” гэж Миссури муж улсаас Иллинойс муж улсад ирж нар хиртэлтийг үзсэн Грегг Толанд ярив.

Нар хиртэлт анх Ореган муж улсын Линкольн хотод орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 10:16 цагт ажиглагдсан бол хамгийн сүүлд Өмнөд Каролина муж улсын Чарльстон хотод үдээс хойш 2:48 цагт ажиглагджээ.




Нар
дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг нар хиртэлт гэдэг юм.

Дэлхийгээс харахад, нар хиртэх үед сар нь нартай адил хэмжээтэй болдог. Энэ нь сар голчоороо нарнаас 400 дахин жижиг боловч дэлхийд нарнаас 400 дахин ойр оршдогтой холбоотой гэнэ. Ингээд нар сар давхацсанаар тэнгэр харанхуйлдаг байна.

Дараагийн бүтэн нар хиртэлт АНУ-д 2024 онд болох аж. Харин америкчууд 2045 оноос нааш хоёр эрэг дамнасан бүтэн нар хиртэлтийг харахгүй нь ээ.

Тэгвэл АНУ-аас гадна гэвэл 2019 онд Номхон далайн өмнөд хэсэгт Чили болон Аргентинд нар бүтэн хиртэх ажээ.

Г.Доржханд
Related news