Манлайлагч байгууллагын манлай удирдагч

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-15 12:56:03
Хэнтий /МОНЦАМЭ/. Гал бичин жилийн Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-ы нэг, БОАЖЯ-ны харъяа Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Осорын Цэндгомбо хэмээх эгэл нэгэн хүмүүний энгүүн ажлын амжилтыг энэ удаад уншигч авхай танд толилуулж байна.

Тэрбээр Дадал сумын уугуул. Балчир насаа Ононы Дэлүүн болдогийн өвөрт аав ээждээ туслан, дүү нараа асарч халамжлан, хүмүүжүүлэн өсгөсөн ачлалт хүү, ачит ах юм. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, хувийн зохион байгуулалт сайтай, хөдөлмөрч болж өссөн О.Цэндгомбо ажлын гараагаа жолоочоор эхлүүлсэн. Байгаль дэлхий, ургамал ус, ан амьтдаа хайрлах сэтгэлийнхээ дуудлагаар агрономич мэргэжлийг эзэмшсэн түүний хөдөлмөрч, санаачлагатай, тууштай зан чанар нь Хэнтий аймгийн “Оны 9 алдартан”-ы нэг, байгаль орчны салбарын манлайлагч байгууллагын манлай удирдагч хэмээх алдрыг хайрлажээ.
 
О.Цэндгомбын аав Жамсрангийн Осор Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Түүний ээж Догоожавын Лхамноржмаа мөн л энэ нутгийнх. Түүний аав ээж Гурван нуурын рашаан сувиллын газарт ажиллан, аав нь гучаад жил гахай маллажээ. Ах нар нь сургууль соёлын мөр хөөн, цэргийн албанд мордож холыг зориход дүү нараа ахлан үлдсэн О.Цэндгомбод зүгээр суух цаг байсангүй.

Хоёр километрийн зайд байрлах сургуульдаа өглөө 08.00 цагт хоцролгүй очиж, үдийн цайны цагаар гэртээ ирж дүү нартаа хоол цай хийж өгч асарч халамжилна. Ээж аавдаа туслан, гахайндаа хоол тэжээл өгнө. Зарим үед сургууль руугаа буцан явж, харуй бүрийгээр гэртээ ирнэ. 7, 8 дугаар ангидаа ороод сагс, гар бөмбөг тоглон, гүйлтийн спортоор хичээллэж, нийгмийн идэвх оролцоотой, олонтойгоо бужигнаж явсан ч дүү нараа халамжлан хүмүүжүүлсээр байжээ.

1984-1987 онд Ардын армийн 0238 дугаар ангид цэргийн алба хаасан тэрбээр сумынхаа “Хөдөлмөр” нэгдэлд 1987-1992 онд жолоочоор ажиллажээ. Зах зээлийн харилцаанд шилжин нэгдэл тарсан тэр үеэс 1992-2006 онд “Балжхаан” ХХК-д менежер, агрономичоор ажиллав. Ажиллах хугацаандаа өөрийгөө хөгжүүлж, боловсрол эзэмшихийг хүссэн тэрбээр 1995-1999 онд ХААИС-д суралцан, агрономич мэргэжлээр дүүргэсэн байна. Ажиллаж, сурахын зэрэгцээ ОХУ-аас техник хэрэгслийн худалдаа эрхэлж бизнесийн гараагаа эхлүүлжээ.

О.Цэндгомбо мэргэжил, боловсрол, хувийн бизнес гээд тун завгүй байсан ч жил бүрийн зуны амралтаараа Дадал сумыг зорин ирдэг Цэрэндоржийн Мөнхтуяа гэх бүсгүйд харц унаган явсаар түүний сэтгэлд дурлалын оч асчээ. Хүүхэд байхаасаа биесээ мэдэх болсон залуус 1994 оноос болзож, амьдрал хэмээх их далайд хөл тавин, хоёр сайхан хүүтэй болжээ. Түүний хань Ц.Мөнхтуяа ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбарын багш, доктор (Ph.D), Монгол Улсын зөвлөх инженер. Том хүү Ц.Өсөхбаяр нь ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийг органик бус хими технологийн инженерээр төгсөж байгаа бол бага хүү Ц.Эрхбаяр нь ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд логистик, тээврийн менежмент мэргэжлийн 3 дугаар курст сурч байгаа юм.

Онгон сайхан байгаль, төрж өссөн нутгаа хайрлах сэтгэлдээ хөтлөгдөн О.Цэндгомбо 2006-2008 онд Дадал сумын байгаль хамгаалагч, 2009 оноос Онон-Балжийн Байгалийн Цогцолборт Газрын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн, захиргааны даргаар одоог хүртэл ажиллаж байна.

Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адрага, Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг хамарсан байгалийн үзэсгэлэнт энэхүү Онон-Балжийн БЦГ-ыг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор байгуулжээ. Азийн олон зүйл усны амьтантай гол нутгуудын нэг болохын хувьд биологийн төрөл зүйл, тэдний удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэх, байгаль, түүхийн дурсгалт газруудыг түшиглэн зохион байгуулалттай, хариуцлагатай аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан түүхтэй. Мөн энэхүү тусгай хамгаалалттай газар нутагт оршдог Онон голын сав газар нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас тодорхойлсон 21-р зуунд олон улсын хэмжээнд анхаарч хамгаалбал зохих 35 эко бүс нутгийн нэг болох Амар мөрний эко бүсэд хамрагддаг байна.

Энэ сав нутагт байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газруудаас гадна Чингис хааны түүхтэй холбоотой, түүхийн болон байгалийн үзэсгэлэнт Гурван нуур, Дэгэн Жигэн, Улаалзаргана, Дэлүүн болдог, Хажуу булаг, Чингисийн гэрэлт хөшөө, Добу мэргэний хөшөө зэрэг түүх, соёлын болон хосгүй үзэсгэлэнт, онцлог газруудаар баялаг учраас гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг байнга татаж, жилээс жилд зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна.

О.Цэндгомбо 415 мянган га газар нутгийг хамгаалдаг Онон-Балжийн БЦГ-ын захиргаанд ажиллах 21 хүнийг зөв менежментээр удирдан, ажилтнуудынхаа сэтгэл санааг байнга өргөж, урамшуулан дэмжиж ажилладаг. Тэрбээр амьдралд ойрхон энгийн зүйлсээс бүтээлч ажлуудаа эхлүүлж, ажилтнуудтайгаа хамт модыг тарьж, ургуулах, арчилж тордох, амьд байлгах тал дээр анхаарал байнга тавьдаг аж. Өөдлөх айлын өнгө үүднээсээ хэмээх сайхан үг энэ л байгууллагад зориулагдсан мэт. Байгууллагынхаа эргэн тойрныг байгалиар нь ширэнгэн ой мэт тохижуулж, хаалга хашлага, хаягнаасаа эхлэн ЭКО БАЙГУУЛЛАГА болж, гарт баригдаж, нүдэнд харагдахуйц тэр л сайхан ертөнцийг бүтээжээ. Эко байгууллагынхан сүүлийн арван жилд идээний дээд охиос татгалзаж, архины хэрэглээгүй хамт олон болсон байна.

Сургуулийн сурагчдад нарсны үр өгч, өөрсдөөр нь тариулж, байгаль дэлхийтэй ойр байлгах зорилгоор “Нэг хүүхэд-Нэг нахиа” уриатай сургалт сурталчилгааны ажлыг санаачлан, бүтээлчээр хэрэгжүүлсэн байна. Хаягдал хэмээн нэрлэгдээд буй ус ундааны савнуудад сурагчид шороо хийн, нарсны үр суулган, ангийнхаа цонхны тавцан дээр байрлуулж усалж тордон нахиалуулах нь байгаль дэлхийтэйгээ харьцах үндэс болдог. Мөн ажилтнуудтайгаа 3 жилийн өмнө боргоцой түүж үрийг нь үрслүүлэн тарьж бэлдсэн байна. Тийнхүү бэлдсэн 11000 суулгацыг энэ жил бүх төрийн байгууллагын ажилтнуудтай хамт хөдөө очиж тарьжээ. Мөн “Эко загвар сургууль” болох зорилт тавьсан Норовлин сумын сургуульд дэмжлэг үзүүлэн, сурагч, багш нартай хамтран 400 нарс, 100 улиасыг сургуулийн хашаанд нь тарьж, ургуулж байгаа ажээ.

Тусгай хамгаалалттай газарт хилийн 4 застав байрладаг учраас хил дээр ажиллаж байгаа хилчин дайчдынхаа байгаль экологийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч, мэргэжлийн арга зүйгээр ханган, сургалт сурталчилгааг тогтмол хийж хэвшжээ. Хилчид зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөний судалгааг хийж, мэдээллийг БОАЖЯ-ны Биологийн амьтдын мэдээллийн санд улиралд нэг удаа өгч, хууль бус байгалийн ашиглалттай тэмцэн ажилладаг.

Онон-Балжийнхан БЦГ-ын аялал жуулчлал, түүхийн үнэт өвийг олон нийтэд сурталчилж, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтыг тавин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлал бодлого зохицуулалтын газар, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Тус хамгаалалтын захиргааны хамт олон 2011-2015 оны менежментийн төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж, дараагийн 2014-2018 оны менежментийн төлөвлөгөөг боловсруулжээ. Эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахдаа тавьсан зорилтоо биелүүлж, үр дүнд хүрч байгааг БОАЖЯ үнэлэн “Манлайлагч байгууллага”-аар удаа дараа шалгаруулсан байна. Энэхүү амжилт нь эрч хүч, урам зоригоор дүүрэн хамт олныг бүрдүүлэн, зөв удирдан залж, зорилгоо зөв тодорхойлсон  байгууллагын удирдагчтай холбоотой юм.

Судалгаа шинжилгээ, хяналт шалгалтын ажил дээр үндэслэн хийх ажлаа менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллагууд, нөхөрлөл хоршоод, ард  иргэдтэйгээ хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд ховор амьтан, ургамлын судалгаа хийж, сурагчдад болон ард иргэд, төрийн албан хаагчдад экологийн боловсрол олгох, сурагчдын эко клуб ажиллуулах, Тусгай хамгаалалттай газрын хуулийг сурталчлах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, гал түймэр, байгалийн гамшгийн үед хамтран ажиллах, харилцан бие биендээ туслах чиглэлээр олон талт ажлуудыг санаачлан, хамт олноо удирдан, хэрэгжүүлэх ажлуудыг амжилттай зохион байгуулан ажиллаж байна.

Түүний сум орон нутагтаа үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, “Байгаль орчны тэргүүний ажилтан”, “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан”, “Онц хилчин” цол тэмдэг, Хилийн төлөө хүндэт тэмдэг, “Хүүхдийн төлөө сайн үйлс” медаль, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүндэт тэмдэг, Хэнтий аймгийн Хүндэт тэмдгээр тус тус шагнасан байна.
Хүн бүр агаараар амьсгалж, ус уун байгаль дэлхий дээр амьдарч байдаг учраас байгаль орчны салбарын хамрах хүрээ өргөн, хийгдэх ажлууд онцлог билээ. Байгаль хамгаалагч гэдэг нь хянан шалгалт хариуцсан байцаагч, сургалт сурталчилгаа хариуцсан багш, ард иргэдтэйгээ хамгийн ойр байдаг хүн судлаач, ухуулагч юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн төрөлх нутаг, тусгай хамгаалалттай газрын үнэ цэнийг нэмэгдүүлж, хойч үедээ онгон дагшин байгаль, ан амьтан, жигүүртэн шувууд, түүхэн дурсгалт өв соёлоо өвлүүлэн үлдээхийн төлөө сонгосон ажилдаа үнэнч байж, төр улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах О.Цэндгомбо, түүний хамт олны ажил үйлсээр бахархнам.
 Д.Одонтунгалаг
 
 
 
                                                                                                                                                        
Related news