Үерт өртсөн өрхүүдэд туслах хандивын аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-09 23:06:49
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Хэнтий аймгийн Оюутан залуучуудын холбоо, Хэрлэн сумын 2, 3-р баг хамтран “Сэтгэлийн дэм” хандивын аяныг эхлүүлээд байна.

Энэ сарын 7-ны өдөр орсон хоёр удаагийн түр зуурын ширүүн борооны улмаас Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын  2,3 дугаар багийн зарим хэсэг үерт автаж, иргэд, байгууллагуудад нэлээд хэмжээний хохирол учраад байгаа юм.

Хэнтий аймгийн Онцгой комисс үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр шуурхай хуралдаж, аймгийн төвийн vерийн усыг подваль, хонгилоос соруулж зайлуулсан ажлын хэсгийнхний дүнг хэлэлцэж, яаралтай арга хэмжээ, ариутгал, үерийн ус зайлуулах далан шуудууны санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу үерийн далан байгуулах, үерт автсан 2, 3 дугаар багийн айл өрхүүдэд ариутгал хийх ажлууд яг одоо явагдаж байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар Хэрлэн хорооллын гурван орон сууц, МАН-ын байр, Мэргэжлийн хяналтын газар, ГХБХБГ, Нөмрөг Алтай зэрэг олон байгууллага, гэр хорооллын 1000 орчим өрх усанд автсан аж.

Хэнтий аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас эхний байдлаар яаралтай арга хэмжээ авч эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг хүүхэд хөгжлийн ордонд байрлуулан байр хоолоор хангаж байна. Харин одоо “Сэтгэлийн дэм” хандивын аяныг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Д.Одонтунгалаг
 
Related news