Баян-Овоо, Баянмөнх, Мөрөн сумдын ЗДТГ-ын ажилтнууд туршлагаа хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-04 10:13:55
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ЗДТГ-аас санаачлан Баян-Овоо, Баянмөнх, Мөрөн сумдын хамтарсан уулзалт арга хэмжээг хоёр өдрийн турш сумандаа зохион байгууллаа.
 
"Төрийн албаны чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын манлайллыг дээшлүүлэх, чадварлаг, үр дүнд чиглэсэн төрийн албыг бүрдүүлэх, харилцан туршлага судалж ажил хэрэг болгон хамтран ажиллахад энэхүү арга хэмжээний зорилго оршиж байгаа юм" хэмээн Баян-Овоо сумын Засаг даргын орлогч Д.Ганбаатар ярьсан юм. 
 
Арга хэмжээний эхний өдөр төр түмнийхээ төлөө ажиллаж буй гурван сумын ЗДТГ-ын ажилтнууд өөр хоорондоо ажлын туршлага, санал солилцож, сумдын удирдлагууд нь өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа танилцуулж, шинэлэг санаа, ажлын арга барилаасаа хуваалцлаа. Мөн элсний волейболын тэмцээн, гурван сумын ЗДТГ-ын ажилтнуудын хамтарсан "Бидний дуу" урлагийн тоглолт зохион байгуулж, ард иргэдэд хүргэв.
 
Харин хоёр дахь өдөр нь Баян-Овоо сумын 9 гайхамшигтай танилцаж, Есөн хүний агуйд хээрийн цай ууцгааж, Гүрмийн нуурын хөвөөнөө чөлөөт амралт зохион байгуулснаар арга хэмжээ өндөрлөв.
 
Баян-Овоо сум нь өнгөрөгч оны ажил үйлсээрээ Хэнтий аймгийн шилдэг сумаар шалгарсан бөгөөд тус сумыг ажлын арвин туршлагатай, 1990-1999 он хүртэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Баянмөнх удирддаг байна. Тиймээс төрийн албаны туршлагатай ахмад ажилтнаас суралцах зорилгоор Баянмөнх сумын Засаг дарга М.Цэнгэл, Мөрөн сумын Засаг дарга Ц.Батцоож нар хүсэлт тавьсны дагуу энэхүү уулзалт арга хэмжээ зохион байгуулагдсан аж.
Д.Одонтунгалаг
 
Related news