“Чингис фестиваль – 2017” олон улсын ардын урлагийн хүүхдийн наадам Хэнтий аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-07-28 15:42:56
Хэнтий /МОНЦАМЭ/ Олон үндэстэн ястны соёл урлаг, өв уламжлал, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Чингис фестиваль-2017” олон улсын ардын урлагийн хүүхдийн наадам өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээг Хэнтий аймгийн ЗДТГ, Монголын Ардын Урлагийн Холбоо, Говь Номад Агентлаг, Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулга хамтран анх удаа зохион байгуулж байгаа ажээ.

Наадамд 5 улсын 200 гаруй авьяаслаг хүүхэд багачууд оролцож байгаа бөгөөд өглөө тус аймгийн төв Чингисийн талбайд нээлтийн арга хэмжээ өргөн дэлгэр боллоо. Яг одоо Хэрлэн зуслан дээр “Чингис фестиваль – 2017” арга хэмжээ бэсрэг наадмаар үргэлжилж байна.

Наадмыг зохион байгуулагч Хэнтий аймгийн ЗДТГ-ын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ ярихдаа “Хэнтий аймаг бол Их монголын түүх оршоосон Эзэн Чингис хааны өлгий нутаг бөгөөд БОАЖЯ-наас тус аймгийг Түүхэн аялал жуулчлалын төв болгохоор зарласантай холбогдуулан хийгдэж байгаа чухал ач холбогдолтой арга хэмжээ юм. Зөвхөн урлагийн наадам зохион байгуулаад зогсохгүй зорин ирж байгаа зочид төлөөлөгчдөд Хэнтий аймгийн бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, цаашлаад жуулчдын тоог нэмэгдүүлэх, Хэнтий аймгийг олон нийтэд сурталчлах гол зорилготой” хэмээн тус наадмыг тодотголоо.

Фестивалийн үеэр зочид төлөөлөгч, ард иргэдэд зориулсан олон үзвэр үйлчилгээнүүд дэлгэгдсэний дотор Хэнтий аймгийн музейн гэрээр хамгийн олон хүмүүс үйлчлүүлжээ.
Наадам цаашид жил бүр зохион байгуулагдах аж.
Д.Одонтунгалаг
 
Related news