Жянсү мужийн хөрөнгө оруулагчид Монголын хууль эрхзүйн орчинтой танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-27 17:03:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор өнөөдөр “Үүрийн од” компаниас “ӨМӨЗО дахь Жянсү мужийн хөрөнгө оруулагчдын анхдугаар уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Энэхүү уулзалтад БНХАУ-ын Жянсү мужаас ӨМӨЗО-нд үйл ажиллагаа явуулдаг 20, Монголын 20 гаруй компанийн төлөөлөл оролцлоо. Эдгээр компаниуд Монгол Улсын бизнесийн салбарын хууль эрхзүйн орчин, томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах зорилготой юм. Улмаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, аж ахуйн нэгжүүдтэй хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах юм.
БНХАУ-ын Бүс ба Зам санаачилга нь “Монгол, ОХУ болон Хятадын эдийн засгийн коридор” байгуулах төсөлд томоохон түлхэц үзүүлж байгааг Жянсү мужийн Бизнесийн холбооны Ерөнхийлөгч Фэнг Чэн Жао уулзалтын нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Манай бизнесийн холбоонд 400 гаруй компани байдаг. Эдгээр аж ахуйн нэгж бүс нутгийн бизнесийн холбоодтой нягт хамтран ажилладаг. Харин Монгол Улсад анх удаа ирж байна. Цаашдаа Монголын аж ахуйн нэгжүүдтэй нягт хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

БНХАУ-ын Жянсү муж нь 80 сая хүн амтай бөгөөд 95 мянган юаний дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Нийт аж үйлдвэрийнхээ 45 хувьд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлээд байгаа юм. Тиймээс тус мужтай хамтран ажиллаж, үйлдвэрлэл, тоног төхөөрөмжөө шинэчлэх Монгол Улсын хөгжилд томоохон түлхэц болно гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байв.

Ч.Ариунболд

Related news