Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгчдийн 65 хувийг 15-29 насны залуус эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-20 16:39:39
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн ХДХВ, ДОХ, ЗДХ кабинетийн их эмч А.Долгоржав: Бэлгийн замаар дамжих халдварт өвчин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд ихээр гарах болсон гэв.

Сүүлийн үед ажилгүйдэл, ядуурал, үүнийг дагасан архидалт,  хүн амын хөдөлгөөн, болон бэлгийн боловсрол дутмаг байдлаас шалтгаалан бэлгийн замын өвчний дэгдэлт нэмэгдэх болсон байна.

Хүн амын дунд зонхилон тохиолдох бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгчдийн  65 хувийг 15-29 насны залуус эзэлж байгаа бол ажил эрхэлдэг хүмүүсийн 26 хувьд нь, гэр бүлтэй хүмүүсийн 56 хувьд нь тохиолдож байгаа хэмээн аймгийн Нэгдсэн Эмнэлгийн ХДХВ, ДОХ, ЗДХ кабинетийн их эмч А.Долгоржав хэлж байна.

Мөн аймгийн хэмжээнд явуулсан судалгаагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар хандаж байгаа бэлгийн замын өвчлөлтэй хүмүүсийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд эрэгтэйчүүдээс хоёр дахин өссөн байна.

Манай орон бэлгийн замын халдварт өвчний тархалт дэлхийн жишигтэй харьцуулахад өвчлөл багатай оронд тооцогддог болов ч сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчнүүд тэр дундаа тэмбүү өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Иймд өөрийгөө болон ойр дотнын хэн нэгнээ бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхөөс урьдчилан сэргийлж, бэлгийн зохистой харилцааг эрхэмлэхийг АНЭ-ийн эмч мэргэжилтнүүд онцгойлон анхааруулав. 

Т.Есүхэйтөмөр
Related news