Б.Хаш-Эрдэнэ: Урин дулаан болмогч өвөл ирнэ гэдгийг мартдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-26 13:15:58
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан хотын гал голомт болсон Дарханы Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай станц халаалт дулаанаа зогсоогоод зуны горимд шилжлээ. Өнгөрсөн өвлийн их ачааллыг хэрхэн давж туулав?
-
“Манайх энэ өвлийн их ачааллыг амжилттай даван тууллаа. Бид өнгөрсөн зун намар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу ажлуудаа бүрэн хийж дуусаад хуулийн хугацаанд нь есдүгээр сарын 15-нд халаалт дулаанаа залгаж хуваарын дагуу тавдугаар сарын 15-нд халаалтаа зогсоосон. Энэ хугацаанд ямар нэгэн доголдол сааталгүй хэвийн ажиллаж гарлаа гэж бид үзэж байна. Ид хүйтний үед бид таван зуух дөрвөн машинтай ажиллаж энэ үед цахилгааны ачаалал 43-45  мегаваттын ачаалалтай, гадна агаарын температуртай уялдуулж Дархан хотыг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж ажилласан. Цагаан сарын дараа бид зуух, машиныхаа тоог цөөрүүлж халаалт зогссоны дараа зуны горимд шилжсэн.
-Станц чинь нийт хэдэн зуухтай вэ? Аль нэг нь доголдвол ажиллуулах нөөц зуух хэд байдаг вэ?
-
Өвлийн их ачаалалд манай дөрвөн машин өнгөрсөн арван сараас хойш тасралтгүй халаалт зогсох хүртэл ажилласан. Зуухны хувьд гэвэл есөн зуух есүүлээ өвлийн их ачааллыг бэлэн байж таван зуух нь ажиллаж дөрөв нь байнгын бэлтгэлд байж өвлийг хангаж давлаа.
-Нүүрсээ аль уурхайгаас авдаг вэ? Зарим жилд нүүрсний нөөц багатай уурхайнууд нь нүүрсээ гэрээний дагуу хангалттай нийлүүлж чаддаггүй гэж яригддаг байсан. Энэ жилийн хувьд ямар байв?

-Нүүрсний хангалт нийлүүлэлтийн хувьд энэ жил ямар нэгэн доголдол саатал гараагүй. Бид нүүрсээ Шарын гол, Багануурын уурхайгаас авах гэрээтэй ажиллаж ирсэн. Өвлийн их ачааллын үед бид станцынхаа гадна талбайд 30 мянган тонн нүүрстэй энэ нь уурхай ямар нэгэн доголдол саатал гарсан үед 20 хоногийн нөөцтэй байж халаалт дулаанаа сааталгүй өгч ажиллах боломжоор хангаж ажилласан гэж үзэж байна. туслах тоноглолуудын хувьд ч ямар нэгэн ноцтой доголол гараагүй хэвийн ажилласан даа.
-Халаалт зогссон болохоор зуны засварын ажилдаа орчихсон уу? Энэ жил ямар ямарг гол засвар хийхээр төлөвлөв?
-
Бид 2017-2018 оны өвлийн бэлтгэл ажлын төлөвлөөгөө боловсруулаад дараа жилийн өвлийн давах туслах тоноглолуудын засварын ажлуудаа эхлүүлээд явж байна. Мөн халаалт зогссон өдрөөс эхлэж үндсэн тоноглолуудын маань засвар ч эхэлсэн. Энэ жил манайх дөрөвдүгээр зуухандаа их засвар хийнэ. Энэ зуухны халах гадаргууг бүрэн сольж найдвартай ажиллагааг нь хангаж есдүгээр сарын нэгэнд дуусгана. Хоёрдугаар машины их засварын ажлыг хийх гүйцэтгэгчийг шалгаруулаад ажилд нь оруулсан. Үүнд нэлээд нарийн ажил шаардсан засвар хийгдэнэ. Бид энэ жил ерөнхийдээ хоёр үндсэн тоноглолын засвар хийхээр төлөвлөсөн маань энэ юм. Бусад үндсэн тоноглолуудын урсгал засварыг төлөвлөсөн хугацаанд нь хийснээр ирэх намар халаалт өгөхөд бүх засварууд бүрэн дуусна гэж үзэж байгаа. Станцын дотоод зохион байгуулалтын хувьд засварчид маань амардаггүй харин ашиглалтын ажилтнуудаа амраагаад явдаг жишгээрээ л ажиллана. Бусад байгууллагын хувьд урин дулаан болмогц амарч аялж зугаалахаа бодоод өвөл ирнэ гэдгийг мартдаг бол манай эрчим хүчний салбарынхны хувьд өвлийн бэлтгэл, засварын ажил гээд зун намрын турш үргэлжилдэг.
-Засварт орох тоноглолуудад чинь сэлбэг хэрэгсэл гээд багагүй юм орно биз дээ? Тэдгээр сэлбэг хэрэгсэл чинь станцдаа бэлэн байдаг уу? Гаднаас худалдаж авдаг уу?
-Засварын ажилтай холбоотой худалдан авалтын хувьд гүйцэтгэгчийг тодруулах шалгаруулалт хийж гэрээ байгуулах ажил явагдаж ирэх сарын нэгэн гэхэд дууссан байх учраас бүх ажлаа шахаад ажиллаж байна. Энэ сарын сүүл дараа сарын эхэн гэхэд их болон урсгал засварт шаардагдах бараа материалууд нийлүүлэгдээд эхэлнэ гэсэн үг.
-Танайх станцынхаа бүрэн зогсолтыг хэдийд хийх вэ? Урьд өмнө нь зургадугаар сарын дундуур хийдэг байсан. Энэ жилийн хувьд?
-
Манайх энэ жилийн бүрэн зогсолтыг ирэх зургадугаар сарын 19-22-ны дотор дөрвөн хоногт хийхээр төлөвлөгдсөн. Урьдчилсан байдлаар Диспетчирийн үндэсний төвд захиалгаа өгч батлуулсан. Үүгээр бид станцаа зайлшгүй зогсоож байж хийдэг засваруудаа хийж амжуулна. Эдгээрийг хийснээр бид өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний 50-60 хувийг хийгээд авна гэж тооцож байгаа.
-Урьд нь трубины шинэчлэлийн ажил эхэллээ гээд нээлтээ хийж байсан санагдана. Дуусаагүй юу хэзээ ашиглалтад орох вэ?
-Дуусаагүй байгаа, техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа энэхүү трубины шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлнэ. Гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж аваад гэрээ байгуулах ажил хийгдэж байна. Ирэх дургадугаар сард бид энэхүү 35 мега ваттын трубины шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлж ирэх жилийн зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ хэсэг ашиглалтад орсноор өмнө нь дурдсан дөрвөн машин 52 дахь жилдээ ажиллаж байгаа болохоор элэгдэлд орсон учраас нөөц машин зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Ингэснээр дээрх дөрвөн машиндаа засвар хийх боломж ч бүрдэнэ.
-Трубин генераторыг чинь өөр гүйцэтгэгчтэй байсан биш билүү? Шинээр гүйцэтгэгч сонгон шалгаруулсан гэхээр тэднээс татгалзсан гэсэн үг үү?
-
Хуучин гүйцэтгэгчээс бид татгалзсан. Учир нь төлөвлөсөн хугацаандаа юмаа хийдэггүй, санхүүгийн чадваргүй байсан учраас  шинэ гүйцэтгэгчийг яаманд сонгон шалгаруулалт зарлаж тэнцсэн гүйцэтгэгчийг тодруулж аваад ажлаа эхлэх гэж байна. 
                                                                                                                                                     Б.Норовсамбуу
Related news