“Даймлер” компанийн байранд нэгжлэг хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-05-25 17:47:39

БЕРЛИН./BBC/. Германы Штутгарт хотын прокурорын газрын ажилтнууд “Daimler” компанийн хэд хэдэн байранд нэгжлэг хийсэн байна. Дизель хөдөлгүүртэй Мерседес автомашины ялгаруулж буй хорт хийн хэмжээг худал тодорхойлсонтой холбоотой хэргийг шалгах ажиллагааны хүрээнд нэгжлэг хийжээ.

Германы энэ компанийг “хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн” гэж буруутгаж байгаа юм.

Ер нь бол, Volkswagen компанитай холбоотой дуулиан 2015 онд АНУ-д дэгдсэнээс хойш бусад орнуудын автомашин үйлдвэрлэгч компаниуд хяналтын байгууллагуудын хараанд өртөх болсон билээ. Фольксваген компани агаарт цацагдаж буй хорт хийн хэмжээг бууруулж харуулдаг программ хангамжийг автомашинууддаа суурилуулснаас үүдэн асуудал үүссэн юм.  

Штутгартад явуулсан нэгжлэгт 23 прокурор, 230 цагдаа, мөрдөн байцаагчид оролцжээ. Харин улс даяар “Даймлер” компанийн нийт 11 оффисын байранд нэгжлэг хийсэн байна. Ер нь бол, Mercedes-Benz автомашиныг үйлдвэрлэдэг тус компанийг 3 дугаар сараас эхлэн шалгаж байгаа юм.

4 дүгээр сард тус компани мэдэгдэхдээ “АНУ-ын эрх бүхий байгууллагууд Mercedes-Benz автомашины хөдөлгүүр агаар мандлыг бохирдуулж байгаа эсэхийг шалгасан” гэж байсан юм. Улмаар 2017 оны загварын дизель хөдөлгүүрт Mercedes-Benz-ээ АНУ-д борлуулах зөвшөөрөл авах гэж байснаа больжээ.

Х.Сарнай
 
 
Related news