“Bitcoin”-ны ханш дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2017-05-23 15:47:42
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Цахим мөнгө болох “Bitcoin”-ны ханш бараг 10 хувиар өсч даваа гарагт Гринвичийн цагаар 19.30 цагт нэгжийн үнэ нь 2 235 доллар болсноор дээд үзүүлэлтэд хүрчээ.
 
Он гарсаар 120 гаруй хувиар өсөөд байсан энэ цахим мөнгө АНУ-д улс төрийн тодорхойгүй байдал үүсч, цахим аюулгүй байдалд дэлхий нийтээр санаа зовох болсонтой холбоотойгоор долоо хоногийн сүүлчээр 2 мянган ам.долларын босгыг давжээ.
 
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флиннийн Оростой холбоотой байсан гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааг зогсоохыг Д.Трамп Холбооны мөрдөх товчооны тэргүүн асан Жеймс Комигоос хүссэн тухай мэдээ цацагдсаны дараа Ерөнхийлөгчийн засаг захиргаан дахь улс төрийн тодорхойгүй байдал өнгөрсөн долоо хоногт улам даамжирсан юм. Ийм нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчдыг хувьцаа болон америк доллараа зарж, алтны нэгэн адил засгийн газрын хяналтанд байдаггүй “Bitcoin”-ыг худалдан авахад хүргэсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна.  
 
Түүнээс гадна 5 дугаар сарын эхээр дэгдсэн WannaCry вирусийн тархалт нь “Bitcoin”-ны эрэлт өсөхөд нөлөөлжээ. Учир нь, вирусийг тараасан хакерууд компьютерын файлуудын түгжээг гаргаж өгнө гэж амлахдаа барьцаа болгон “Bitcoin” нэхэж байв.
Х.Сарнай 

 


Related news