“Ухаалаг Дархан” дэд хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-22 18:09:39
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ хамтарч өнгөрсөн сард “Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрт иргэдийн саналыг тусгахаар хэлэлцүүлэг хийсэн юм. Уг дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэв. Тэргүүлэгчдийн хуралд хийсэн танилцуулгад аймгийн “Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Дарханчуудын технологийн дэвшил, мэдээллийн эрин үед ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагыг үндэслэж уг дэд хөтөлбөрийг боловсруулсан байна.
2014-2016 онуудад “Смарт Дархан” хөтөлбөр хэрэгжиж Дархан суманд “Төрийн хяналтын нэгдсэн сүлжээ”-г бий болгож төрийн 86 байгууллагыг холбосон шилэн кабель, 128 хяналтын камерь, сервер компьютерийг суурилуулсан. Цаашид төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлагаар хангаж иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн орчинг бүрдүүлнэ. Мөн дотоод удирдлагын нэгдсэн программ хангамжийг хөгжүүлснээр төрийн байгууллагуудын үйлчилгээг нээлттэй болгож ажлаа тайлагнах үйл явцыг шинэ шатанд гаргах шаардлага бий болсон. Тиймээс уг дэд хөтөлбөрийг боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж байна гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан танилцуулав. Тэрбээр: “Төрийн байгууллагын ажил үйлчилгээ, мэдээ мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй шуурхай хүргэх цахим үйлчилгээг хөгжүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна” гэв. Дархан-Уул аймгийн нийт нутаг дэвсгэр дэх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хамарч 2017-2020 оныг дуустал хэрэгжих юм байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч ажил үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж цахим хэрэглээ өргөжиж хэрэглэгч нэмэгдэж иргэдийн амгалан тайван ажиллаж амьдрах нөхцөл сайжрах давуу талтай учир дэмжиж баталлаа.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 
Related news